
“Хүслийн хайрцаг”-т санал, хүсэлт, мөрөөдлөө бичиж, үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Ерөнхий сайдад уламжиллаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” арга хэмжээний үеэр хүүхдүүдийн санал, хүсэл мөрөөдлийг сонсох “Хүслийн хайрцаг” ажиллуулахад оролцогч хүүхдүүдээс нийт 79 хүүхэд өөрсдийн санал, хүсэл, мөрөөдлөө бичиж үлдээжээ.
“Хүслийн хайрцаг”-т хүслээ ирүүлсэн хүүхдүүд:
Улсын, хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарч ерөнхий боловсролын бүх сургуулиуд үнэ төлбөргүй болоосой,
Ерөнхий боловсролын бүх сургуулийн нэгдүгээр ангиас англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болох,
Ялгаварлан гадуурхаж, гадаад үзэмж, төрхөөр нь дээрэлхдэггүй байгаасай,
Сурган хүмүүжүүлэгч, багш нь сурагчдаа ялгаж харьдаггүй байгаасай,
Автозамын түгжрэлийг бууруулна уу,
Эх дэлхийдээ хог битгий хаяач,
Гэр бүлийнхэнтэйгээ хамт утаа, угааргүй Монгол Улсад амьдармаар байна,
Бага, дунд ангийн сурагчдын үдийн цайг чанаржуулах,
Ахлах ангийн хүүхдүүдэд ч үдийн хоол өгмөөр байна гэх мэтчилэн өөрийн хүсэл мөрөөдөл, санал хүсэлтээ бичиж үлдээжээ.