
Израилийн зэвсэгт хүчний командлагч асан, одоо тус улсын дайны үеийн өргөтгөсөн засгийн газрын танхимын гишүүнээр ажиллаж буй Гади Эйзенкотын хүү Газын зурваст дайтаж яваад амь үрэгджээ.
25 настай хошууч Гал Эйзенкот өчигдөр буюу Пүрэв гарагт Газын хойд хэсэгт үүрэг гүйцэтгэж яваад алагдсаныг Израилийн зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлсэн байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр тэр Хамасын нуувч хонгилд болсон дэлбэрэлтийн үеэр хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху байлдагчийн эцэг эхэд гүн эмгэнэл илэрхийлээд Гал Эйзенкотыг “жинхэнэ баатар” хэмээн өргөмжилсөн байна.
“Манай баатруудын амь нас дэмий үрэгдээгүй. Бид ялах хүртлээ тулалдах болно” гэж Нетаньяху эмгэнэлдээ дурджээ.
2015-2019 оны хооронд Израилийн зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан 63 настай Гади Эйзенкотыг тулааны талбарт хатуужсан генерал гэдэг.
Аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас байгууллага нутаг дэвсгэрт нь халдан довтолсны дараа Израиль улс дайны үеийн өргөтгөсөн засгийн газрын танхимыг байгуулан ажиллаж байгаа.
Үндэсний Нэгдлийн намыг парламентад төлөөлдөг Эйзенкот энэ танхимын нэг гишүүнээр томилогдсон юм.
Өчигдөр Израилийн засгийн газрын хэд хэдэн гишүүд Эйзенкотын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Сөрөг хүчний удирдагч Яйр Лапид цэргийн дүрэмт хувцастай тэврэлдсэн аав, хүү хоёрын зургийг сошиал хуудсандаа нийтлээд “Энэ зураг. Энэ тэврэлт. Аав, хүү хоёр. Хоёулаа дүрэмт хувцастай, Хоёулаа энэ улс орны дайчид. Тэд хоёул эх орныхоо дуудлагаар үүргээ гүйцэтгэж байгаа. Тэдний тэврэлт манай улс үндэстний хувь заяаг харуулж байна” гэж бичжээ.
Эх сурвалж: BBC