Сүхбаатараас Стэнфордод элссэн анхны сурагчтай танилц

2023-04-10 290 0

Шинэ долоо хоногийг нэгэн баяртай мэдээгээр угтъя. Энэ жил бид Сүхбаатар аймгаас анх удаа Стэнфордын их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцсэн сурагчтай боллоо.

Анужины бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг, хаана ч байсан эргэн тойрондоо хувь нэмрээ оруулдаг зан чанарыг нь Стэнфордын их сургууль үнэлжээ. Тэрбээр одоо “21 мөрөөдлийн зүгт” төсөл дээр өөртэйгөө адил олон сурагчдад мөрөөдөлдөө ойртоход нь туслахаар ажиллаж байгаа юм байна.

Анужины ахлах сургуулиа дүүргэсэн туршлага бусдаас маш ялгаатай, өвөрмөц байсан гэдгийг мөн дурдах нь зүйтэй болов уу. Боловсрол эзэмших нь түүний хувьд зөвхөн мэдлэг хураахаас гадна өөрийгөө олон талаас нь сорьж, сонирхлоо хөөж, харах өнцгөө тэлж, амьдралд бэлтгэгдэх үйл явц байсныг тэрбээр онцоллоо. Түүний сүүлийн 3 жил хэрхэн боловсорч, өөрийнхөө өвөрмөц замыг бүтээж мөрөөдлийнхөө сургуульд тэнцсэн түүхтэй танилцаарай.

зураг

– Сайн уу? Юуны өмнө Сүхбаатараас анх удаа Стэнфордод тэнцсэн сурагч болсонд маш том баяр хүргэе. Хамгийн түрүүнд өөрийгөө товчхон танилцуулаач. 

Сайн уу? Маш их баярлалаа, намайг Анужин гэдэг. Би Сүхбаатар аймгийн 3-р сургуульд 10-р анги хүртлээ суралцаж байгаад Томүжин алтернатив сургуульд 2020 онд 11-р ангидаа шилжээд 2022 онд төгссөн. Яг одоогоор болохоор завсар жил буюу GAP YEAR аваад 21 мөрөөдлийн зүгт төсөл дээр ажиллаж байгаа.

– Стэнфордын их сургуулийг яаж сонгосон бэ? Яагаад өргөдлөө илгээх болсон бэ?

Өмнө жил өргөдлөө явуулахдаа том сургуулиуд руу явуулахаас жаахан айдастай байсан болохоор дандаа дундаж болон арай шалгуур өндөртэй Либерал артс коллежууд руу өргөдлөө явуулж байсан. Харин энэ жил завсар жил авч байгаа юм чинь өөрийгөө бүрэн дайчлаад үзье гэж шийдээд хэд хэдэн том сургуулиуд руу өргөдлөө бэлдэж байгаад илгээсэн. Тэгээд миний сурах чиглэл Social Science, Political Science байсан болохоор Харвард, Стэнфорд бол хамгийн түрүүнд жагсаалтад гарч ирсэн. Тэгээд ер нь бол “би тэнцэхгүй ч гэсэн явуулаад үзье дээ,” гэсэн бодолтой өргөдлөө илгээж байсан.

– Дэлхийн топ их сургуульд Сүхбаатар аймгаас тэнцсэн гэхээр олон хүүхэд чамаас урам зориг авч байгаа байх. Анх яаж шилдэг их сургуульд орно гэж шийдсэн бэ? Хэрхэн бэлдэж эхэлсэн бэ? 

Би ер нь багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд гэж байдаг шүү дээ, ангидаа юм удирдаж зохион байгуулах дуртай, тэмцээн уралдаан болохоор дунд нь бас л явж байдаг яг тийм төрлийн хүүхэд байсан. Сургууль, ер нь Сүхбаатарт надад олдож болох боломжоо ер нь өөрийн хэмжээнд ашиглаж чаддаг байсан.. Гэхдээ тийм хэмжээний нөөц бололцоо, тэр хэмжээндээ байвал гадаадын их сургууль руу орж чадахгүй гэдгээ мэддэг байсан. Яг надад хэрэгтэй байгаа тэр нөөц бололцоо, тусламж байдаггүй байсан. Тийм болохоор анх өөрөө судлаад хаана тийм нөөц бололцоо байна гээд хайж байхдаа Томүжин Академийн тухай мэдэж байсан. Тэгээд удалгүй Батжин багш Сэхээтэн подкаст-д “сургууль нээнэ”. Сургууль нь намайг төгсөхөөс өмнө нээгдэх нь үү, яах нь уу гэдэг хүлээлттэй байж байгаад тэгээд 5 сард өргөдөл нь нээгдэж байсан. Тэгээд тэр үед өргөдлөө аймар хичээнгүйлэн бичээд л 2, 3 өдөр эсээгээ бодож, эсээгээ бичихдээ хүртэл уйлаад бүр үнэхээр л чин сэтгэлээсээ орохыг хүсэж байсан.

Томүжин 10-р ангиас маань л төлөвлөгөөнд маань ямар нэгэн байдлаар байсан, заавал орно ч гэж бодож байсан тэгээд 3 үе шаттай өргөдлийн процессыг даваад тэнцэж орж байсан. Энэ үйл явц бас маш их хүлээлттэй үе байсан санагддаг. Би 3-р шатныхаа ярилцлагыг өгчхөөд хариугаа бараг 3 долоо хоног хүлээсэн. Тэнцсэн болов уу, яасан бол гээд л өдөр болгон и-мэйлээ шалгаж байсан. Тэгээд маш удаан хүлээсний эцэст тэнцсэн гэсэн хариу аваад, сэтгэл үнэхээр тайвшраад “За одоо нэгэнт Томүжинд орсон юм чинь, цаашдаа би алзахгүй ээ” гэж бодож байсан. Тэгээд анх Томүжинд орж ирээд надад гарсан хамгийн том өөрчлөлт нь миний стандарт өөрчлөгдсөн гэх юм уу, одоо өмнө нь бол төсөл хийх, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцохыг том зүйл мэтээр боддог байсан бол Томүжинд хамт суралцаж байгаа хүүхдүүд маань олон сургуулиудаас шалгарч ирсэн мундаг хүүхдүүд байсан болохоор, тэгээд бас сургуулийн маань хөтөлбөр анхнаасаа л академик хичээл, суралцах арга барил нь өөр байсан болохоор өмнө нь сүртэй боддог байсан бие даалт хийх, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гээд зүйлс маань өдөр тутмын энгийн л хийдэг зүйлс болсон юм шиг санагддаг. Нөгөө талаас хүмүүстэй харилцахад ч тэр эелдэг, тусархаг, нийтэч байх нь ч гэсэн энгийн л хүн бүрээс гарч байх ёстой зан чанар гэдгийг хүрээллээсээ өдөр бүр харж байсан.

зураг

– Сүүлийн гурван жил тэгвэл хэрхэн суралцсан түүхээсээ хуваалцвал сонирхолтой байх гэж бодлоо. Алтернатив сургууль гэхээр ер нь яаж суралцдаг юм бэ? Хүмүүст сонирхолтой байгаа байх.

Томүжинд орж ирээд яг том хүн болчихсон юм шиг зүйлс аягүй их хийдэг байсан. Төсөл бичээд, багаар ажиллаад, Тэгээд тэр үед би ямар ч зүйл хийсэн гүйцэтгэл сайтай хийнэ, миний өөрийн л юм юм чинь гэсэн хандлагатай болж эхэлсэн. Сургуульдаа шилжиж ирээд ажиллаж байсан төслүүдээсээ онцолбол аутизмтай хүүхдүүдэд зориулсан төсөл хоёр удаа хийж байсан. Яагаад энэ төслүүдээ онцолмоор байна вэ гэхээр энэ төслүүдээр нийгэмд ээлтэй бизнесийн тухай ойлголттой болж нийгэмд мэддэг чаддаг зүйлсээрээ үнэ цэн бүтээж түүгээрээ ашиг олж бизнес хийх боломж байдгийг мэдсэн. Түүнээс гадна хувь хүн талаасаа гэвэл хүмүүстэй амархан харилцаж, найзууд болох, хурдан багийн гишүүдээ ойлгож сурах гэх мэт зүйлсийг өөртөө хөгжүүлж чадсан.

Ер нь л хичээллэж байгаа арга барил маань өөр хаана ч хуримтлуулж чадахгүй тийм туршлагуудаар дандаа дүүрэн байдаг болохоор юмсыг олон өнцгөөс харах боломж байнга гарч ирдэг.

Тэгээд өөр дээрээ ажиллаж үргэлж сайжирсаар байдаг. Тийм нөхцөл Томүжинд цаанаасаа л бэлэн байдаг болохоор намайг өөр дээрээ анхаарч тууштай хөдөлмөрлөхөд тусалсан гэж боддог.

зураг

– Мэргэжлээ сонгосон байгаа юу? Нийгмийн ухаан, улс төрийн чиглэлээр суралцана гэж байсан. Яаж мэргэжлээ сонгосон бэ?

Би Gender Studies-р суралцахаар мэргэжлээ сонгож өргөдлөө илгээсэн. Би өмнө нь 5 аймагт салбартай охидын клуб нээж байсан юм. Энэ клуб маань эхлээд зүгээр блог бичдэг, охидод тулгардаг тэр бүр яригдаад байдаггүй асуудлуудыг хоорондоо ярилцдаг нэг нэгэндээ зөвлөдөг, тусалдаг тийм Facebook group байсан. Тэгээд Томүжинд орж ирээд энэ клубээ албан ёсны ТББ болгоё гээд хөгжүүлж үргэлжлүүлсэн. Тэгээд яг мэргэжил сонголт дээрээ би Gender studies сонгосон.

Шалтгаан нь миний эргэн тойронд, манай үеийнхэнд Gender studies-н тухай ярьдаг хүүхдүүд бараг байдаггүй. Тийм байхад би өөрөө энэ талаар унших дуртай, ярилцах дуртай байсан болохоор би тренд болж байгаа мэргэжил гэхээс илүүтэй өөрийнхөө үнэхээр сонирхдог зүйлийг илүү хөгжүүлсэн дээр гэдэгтээ бат зогсъё гэж шийдсэн.

Тэгээд тэрнээсээ үүдээд GAP Year-ээрээ судалгааны ажлууд бичиж үзээд Монгол улсад хийгдэж байсан төслүүдийг анализ хийж үзсэн. Тэр дундаа сургуулийн насны охидын эрүүл мэнд, ариун цэврийн байдал нь яаж сурлагын түвшинд нөлөөлдөг тухай чиглэл гаргаад сонирхож эхэлсэн.

– Академик хичээлүүдээсээ онцолбол? Томүжинг төсөл дээр суурилж хичээллэдэг гэж байна. Яаж төсөл дээр суурилж хичээллээд академик хичээлүүдээ суралцдаг вэ? 

Би хараад байхад их сургуулиудын гол хийдэг ажлууд нь судалгааны ажил бичих, төсөл хийх байдаг. Тэгээд яагаад Харвард, Стэнфордыг хүмүүс шуугьдаг вэ гэхээр нэг шалтгаан нь тэндээс төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийхэд хамгийн их Funding нь байдаг буюу өөрийнхөө сонирхлоороо санхүүжилт авч төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх боломж гаргаж өгдөг. Тэгээд одоо миний 10 жилдээ хийсэн зүйлс маань их сургуульд очоод ижилхэн юм байна гэдгийг ойлгосон. Би юу ч мэдэхгүй бол очихгүй юм байна гэдгээ ойлгоод төслөөр хичээллэх арга барилыг би маш их үнэлсэн гэх юм уу. Төсөл хэрэгжүүлэх үйл явц өөрөө хувь хүнийг маань хөгжүүлэхээс гадна олон мэдээлэл уншиж боловсруулах, юмсыг олон өнцгөөс харах гээд бие дааж академик мэдлэгүүдээ суралцахаас гадна түүнийгээ амьдрал дээр буулгаж ойлгож авах буюу дараагийн түвшинд ойлгож авдаг гэж хэлж болно.

– Тэгвэл их сургуульд өргөдлөө бэлдсэн процессоосоо хуваалцаач. Их сургуулийн өргөдлөө ямар байсан болохоор тэнцсэн гэж бодсон бэ? 

Их сургуульд бэлдэх үйл явц нь зөвхөн шалгалтуудаа сайн оноотой өгөөд, өргөдлөө бөглөөд ч юм уу Checklist дээр байгаа зүйлсээ дараад л явуулчихдаг зүйл биш, өөрийгөө таньж мэдэх маш том үйл явц байдаг. Эхний жилдээ өөрийнхөө хүчийг бүрэн дайчлаагүй, түүнээс гадна өөрийгөө таньж мэдэх маш их цаг хугацаа хэрэгтэй юм шиг санагдсан болохоор завсар жил авсан. Тэгээд завсар жилийнхээ хугацаанд өргөдлийн үйл явцыг, өөрийгөө илүү сайн ойлгосон. Жишээ нь SAT, TOEFL шалгалтууд, өргөдлөө хэрхэн бөглөх гээд логикийг нь, системийг нь ойлгочихвол тэнцэх магадлал өндөр болох юм байна гэдгийг илүү ухаарсан. Бас манай өмнөх жилийн төгсөгч нар маань байнга зөвлөж, асуултуудад маань хариулж цаг гаргадаг байсан болохоор өөр дээрээ тэдний санал бодлыг сонсоод ажиллахад маш дөхөм байсан.

зураг

– Стэнфордоос ямар хэмжээний тэтгэлэг авсан бэ?

Нийт 4 жилийн хугацаанд суралцах $325,080 буюу суралцах хугацаандаа бүх сургалтын төлбөрийн зардлаа даалгах тэтгэлэг авсан. Миний бодлоор дундаж хүүхдийн авдгаас харьцангуй өндөр тэтгэлэг авсан. Яагаад гэхээр Стэнфордын их сургууль миний хичээл зүтгэлийг, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлийг маань л маш их үнэлсэн байх. Бас манайх энгийн л дундаж амьдралтай айл. Тийм байхад надад бүтэн тэтгэлэг өгсөн нь хүсэл эрмэлзлийг маань үнэхээр ойлгож дэмжье гээд өгсөн байх гэж бодож байна. Би том олимпиадын медальтай биш, улсынхаа шилдэг сурагч ч биш. Миний хувь хүн, зан чанарыг л маш их үнэлж өгсөн гэж боддог.

зураг

– Өөртэйгөө адилхан өөрийнхөө мөрөөдлөө бодит болгомоор байгаа тийм хүүхдүүдэд зориулаад юу гэж хэлмээр байна?

Би ч бас маш жаахан итгэл дээр тулгуурлаж Томүжинд орсон, тэгээд цааш нь өргөдлөө илгээсэн. Тэр нь ядаж л өргөдлөө илгээгээд үзчихвэл харамсахгүй дээ гэсэн бодол дээр л суурилсан зүйл байсан. Би ухаантай болохоор, би онцгой авьяастай болохоор гэсэн зүйл байхгүй. Гэхдээ юуны өмнө өөрөөрөө байхыг хичээсэн. Тэгээд өөрийнхөө жинхэнэ хүсэл эрмэлзлийг илэрхийлж, түүнийхээ төлөө юу юу хийж байгаагаа илэрхийлж чадсан.

Топ их дээд сургуулиуд, ер нь амжилттай амьдарна гэдэг чамаас супер зан чанар, авьяас огт шаарддаггүй. Зүгээр л хэр сайн ахиж дэвшиж чадаж байгаа юм бэ, ямар боломжгүй байдлаас өөрийгөө гаргаж чадаж байгаа юм бэ чинь бас чухал. Би жишээ нь Сүхбаатар аймагт байхдаа надад боломж хязгаарлагдмал гэдгийг ойлгоод Томүжинд очсон шиг чи ч бас өөрийнхөө хэрэгцээг тодорхойлоод тэр нөхцөл байдлаасаа өөрийгөө гаргаж, шинийг эрэлхийлээд сурчих юм бол боломж хаа сайгүй байдаг.

Юу чамд байхгүй байна, гэхдээ юуг байлгаж чадах уу гэдгээ ойлгочихвол хувийн өсөлт амжилт амархнаар ирж болно.

Тэгээд сул талуудаа буруу, муу гэхээс илүүтэй яаж сайжрах вэ гэдэг өнцгөөс дандаа ханддаг байсан болохоор тэр л маш их нөлөөлсөн гэж бодож байна.

– 21 мөрөөдөл төсөл дээр ажиллаж байгаа гэсэн яагаад энэ төсөл дээр ажиллаж байгаа вэ? Ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцвал?

Эхлээд бол хувь хүнийг маань л өсөж хөгжихөд туслах төсөл байна даа гэж бодож байсан. Гэхдээ одоо яг төслөө хэрэгжүүлээд явж байгаа хугацаанд миний харах өндөг маш тэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Би Сүхбаатарт байхдаа аймгаасаа гарч үзээгүй байсан бол Томүжинд ирээд Улаанбаатар хотод очиж өнцөг маань тэлсэн. Тэгвэл одоо Монгол орон даяар боловсрол ямар байна, надтай адилхан хичээл зүтгэлтэй хүүхдүүд ямар их байна гэдгийг харах маш гоё байгаа. Тэгээд над шиг олон хүүхдэд туслах боломжийг нээж байгаа багш нар, багийнхантайгаа хамт хувь нэмрээ оруулаад явж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд 21 мөрөөдөл төслийг товчхон танилцуулбал Томүжин алтернатив сургууль 21 аймгаар Tomujin is Talking эвентээ зохион байгуулж байгаа юм. Энэхүү эвентээр 21 аймагт амьдардаг олон хүүхдэд мөрөөдлөө бодит болгох ямар их боломж байдгийг харуулна.

зураг

– Чамайг энэ аялалд дэмжиж тусалсан олон хүн байгаа байх. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

Бараг 3 жил надтай таарсан хүн бүр л надад нөлөөлсөн юм шиг санагдаж байгаа. Жижиг ч гэсэн миний өдөр тутмын амьдрал намайг өсөж хөгжихөд маш их нөлөөлсөн. Тэгээд нэр дурдвал хамгийн түрүүнд Томүжинг үүсгэн байгуулсан Батжин багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд багш нараас Өрнөх багш, Өнөрөө багш, Соронзонболд багш, Томүжингийн найзууд, ангийнхан гээд сэтгэл санааны дэмжлэг байнга өгдөг байсанд үнэхээр их баярладаг. Тэгээд манай аав ээж хоёр, манай гэр бүлээс миний гаргаж байгаа шийдвэрийг хүндлээд намайг дэмждэг байсанд баярлалаа. Тэгээд Сүхбаатар аймгийн хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын дарга Туул багш, Хүмүүн ОУ-ын гүйцэтгэх захирал Амарзаяа, Томүжин академийн төгсөгч Swarthmore College-ийн оюутан Халиун эгч, Vanderbilt-ийн Чинчулуун ах, College Prep Тэнгис багшдаа баярлалаа. Тэгээд яг үнэндээ нэрийг нь дурдах гэвэл маш олон хүмүүс байгаа. Үдийн хоол өгдөг байсан тогооч эгчдээ ч бас баярлалаа гэж хэлмээр байна. Томүжин сургуулийг үүсгэн байгуулсан хүмүүс, багш нартаа бүгдэд нь баярлалаа. Яагаад гэвэл энэ сургуулийн маань тэнцэлт зүгээр л нэг өдрийн дотор болчихсон зүйл биш. Анх Томүжинд орсноос хойш л харах өнцөг маань тэлж, өөрийнхөө тухай шинэ зүйлс байнга мэдэж авсаар л байсан. Өөрт байгаа боломжуудаа ч бас таньж хөдөлмөрлөсөөр байсан. Тэгээд яалт ч үгүй олон хүний сүүлийн 3 жилийн хүч хөдөлмөр учраас надтай хамт байсан хүн бүрд баярлалаа гэж хэлмээр байна.

зураг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`