Дэд онцлохНийгэмУлс төр

“Би хаан биш” гэх хааны үг.

Өнөөдөр өглөө Төрийн ордонд болсон “Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн” дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхээр танхимд алга ташуулан орж ирэв.

Түүхийн уг язгуур, мөн чанарын тухай тодорхойлон хэлсэн үгийнхээ араас ерөнхийлөгч төрийн чадамжийн тухай агуулга руу ярианыхаа утгыг чиглүүлж улмаар, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлын тухай хөндөн үргэлжүүлсэн юм. Түүнчлэн үгийнхээ дундуур өөрийнхөө санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг дэмжиж байгаа хүн байна уу, гараа өргө хэмээн хэлж мөн л зааланд алга нижигнүүлэн ташууллаа.

“Татгалзаж байгаа хүмүүс гараа өргөхгүй юу” гэдэг асуултын араас чимээ аниргүй байсанд ерөнхийлөгч “Манай УИХ-ын гишүүд босоод хар даа. 3-4 хүн гараа өргөж байна. Ийм л байгаа юм.” гэсээр хувцсаа засаж үгээ үргэлжлүүлсэн юм. Түүний дууны өнгө, биеийн хэлэмж Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас нь огцруулахын өмнөх чуулган дээр үг хэлэх үеийнх шиг түрэмгий, загнасан, тушаасан хэв маягтай байлаа. Ерөнхийлөгчийн биеийн энэ хэлэмж, авирыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр нар байнгын хороо, УИХ-ын чуулган дээр гаргаж харуулсан.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ТӨР, АРД ТҮМЭН гэдэг хоёр үг олон давтагдсан бөгөөд төр гэдэг хүн мэт, ард түмэн гэдэг түүнийг аялдан дагагч мэт уур амьсгалыг танхим даяар төрүүлсэн.

Хуулийг нь заавал батлах ёстой, батлах хүртэл нь дахин дахин өргөн барьж, хэлэлцүүнэ гэдгээ тулгаж, олон арга бий шүү хэмээсэн нь УИХ-ын 126 гишүүний бие даасан, чөлөөт, ардчилсан шийдвэр гаргахад нь нөлөөлөх гэсэн хэлбэр гэж харагдав.

Өөрийнхөө санаачилсан хуулийн төслийг ард түмний хүсэл, захиалга хэмээгээд зогсохгүй 3.5 сая монголчуудыг төлөөлөх эрхтэй ганц хүн нь ЕРӨНХИЙЛӨГЧ өөрийгөө гэлээ. Хэрэв үнэхээр ард түмэн энэ хуулийг хүсэж буй юм бол нээлттэй санал асуулга явуулж, олон нийт энэ хуулийг гаргаж ирэх нь зүй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ыг, Засгийн газрыг үгээрээ хөдөлгөж, араас нь УИХ-ыг мөн үгээрээ хөдөлгөх гэсэн хүсэл эрмэлзлэлээ бүрэн тунхагласан энэ үйлдэл нь “Би хаан биш” гэх хааны үг байв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %