НийгэмОнцлох

“Төв талбайд маргааш нээгдэх хоолны өдөрлөгт ОХУ, Казахстан, Азербайжан улсаас тогооч нар урилгаар оролцоно”

2013 оноос эхлэн зохион байгуулж буй Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB Food Festival” маргааш төв талбайн асарт 13:00 цагаас нээгдэнэ. Өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн салбарын 30 рестораны тогооч оролцож, 18 улсын үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх юм байна.

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас тодруулснаар өдөрлөгийн үеэр ресторануудын хоолны дундаж үнэ 15,000 төгрөг байх юм байна. Зарим хоолны тухайлбал шорлогийн үнэ үүнээс илүү байх аж. Үйлчлүүлсэн иргэдэд ресторанууд Ибаримт өгөх ёстой байна.

Нэр бүхий сүлжээ, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 30 ресторан өдөрлөгт оролцож Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилнэ. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд Нийслэлийн Эрүүл мэндийн Газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар өдөр бүр хяналт тавих юм байна.

Харин Ресторан, зоогийн холбооны урилгаар энэ жилийн өдөрлөгт ОХУ, Казахстан, Азербайжан улсаас тогооч нар ирж үндэсний хоолоо хийж, борлуулахаар болжээ.

Төв талбай дахь 4,000 хүний багтаамжтай асарт есөн өдөр үйл ажиллагаа явуулах эдгээр ресторан түрээсийн үнэ төлөхгүй, цахилгаан эрчим хүч, хогны мөнгөө өөрсдөө хариуцах зохицуулалттай байна.

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг дөрөвдүгээр сарын 17-26-ны 12:00-22:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %