ОнцлохУлс төр

АН: Д.Ганзориг арай ч нэрээ дэвшүүлэхгүй байх. АН улс төрийн тэмцэл эхлүүлэхэд бэлэн байна.

Шүүхийн шударга бус байдал, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улирах эрх зүйн орчинг ҮХЦ бүрдүүлсэнтэй холбоотойгоор АН-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Л.Мөнхбаясгалан: Манай намын зүгээс өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан шаардлагыг намын бүлгийн зүгээс хүргүүлсэн. Учир нь УДШ-ийн шүүгчийг нэг удаа улираан томилох болсон ҮХЦ дээр гарсан маргаантай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Харамсалтай нь өчигдөр ҮХЦ-ийн зүгээс УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно, зөвхөн нэг удаа зургаан жилээр гэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэх шийдвэр гаргасан. Үүнд ҮХЦ-ийн хоёр гишүүн О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нар тусгай санал гаргасан.

Тиймээс АН-ын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл ҮХЦ-ийн хоёр ч шүүгчийн хугацаа дуусчихсан байгаа. Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүрийг үзэж байна, мөн Л.Өлзийсайханы орны томилгоог хийгээгүй байна. Эндээс ҮХЦ өөрөө чадамжтай юу гэх асуудал яригдана.

Үндсэн хууль бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалд нэг хүн зургаан жилээс дээш хугацаанд байж болохгүй гэсэн үндсэн концевцтой. Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа байдаг. Мөн УДШ-ийн Ерөнхий шүүгч 12 жилээр улирах юм бол ашиг сонирхлын зөрчил болно. Иймд бид эсэргүүцлийн хороо байгуулна. Өнөөдөр 15.00 цагт УТЗ-ийн хурал зарласан байгаа. Шаардлагатай бол ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулна. Бид шийдвэртэй тэмцэнэ.

Мөн Д.Батлут сайдыг огцруулж хариуцлага тооцохыг Н.Учрал Ерөнхий сайдаас шаардсан. Монгол Улсад Монгол хүний амь нас үнэ цэнтэй байх ёстой. Тэр дундаа эх орноо батлан хамгаалах эр цэрэг залуус цэрэгт явахаас айдаг байх ёсгүй. Ээжүүд, ар гэр үүний золиос болох ёсгүй.

Тиймээс Ерөнхий сайд Н.Учралтай хариуцлага тооцно. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг УИХ томилдог. Ерөнхий сайд нь сайд нараа томилдог. УИХ Ерөнхий сайдтай л хариуцлага тооцдог. Тиймээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцож, огцруулахгүй бол АН дараагийн улс төрийн шийдвэртэй алхам руугаа орно.

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: Та бүхэн мэдэж байгаа. ҮХЦ өчигдөр Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргасан. Ардчилсан Үндсэн хуулийн амьд дуу хоолой, илэрхийлэл нь ҮХЦ байх ёстой. Гэтэл ҮХЦ-ийн дарга, зарим гишүүдийнх нь хугацаа нь дуусчихсан байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн ашиг хонжоотой байдал гэж харагдаж байна.

Албан бичиг ирүүлэх ёстой. Тэр нь ирээгүй бол хэн нэгэн гацаагаар уяад байна гэсэн үг. Үүнийг ҮХЦ-ийн Тамгын газраас асуух хэрэгтэй. УИХ-ын Тамгын газар мэдэгдлээ хүргүүлсэн үү гэдэг сонин.

Одоогийн Эрүүгийн хууль, мөрдөх тогтолцоог та нар угсарсан. Манай намын улс төрчдийг намнахын тулд. Хүн бизнес хийснийхээ төлөө хамгийн ихдээ дампуурдаг л байх ёстой. Шоронд ордог байж болохгүй. Улс төрийн бодлого баримталж, эрх баригчийг шүүмжилсний төлөө шоронд ордог байж болохгүй. Хүний үндсэн эрхэд халдах гэж байгаа бол шүүхийн эрх мэдлээр халддаг байх ёстой. Өнөөдөр орон байранд нэгжлэг хийх, утсыг чагнах, хүний үндсэн эрхтэй холбоотой бүх мэдээллийг мөрдөх байгууллага хийж байна. Мөрдөх байгууллагад мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хүний эрхэд дураараа халдаж байна. Үүнийг зогсоохын тулд хуулийг нь бид өөрчлөөгүй. Муу хуультай байх юм бол иргэний эрхэд халдсаар л байх болно.

Д.Ганзоригийг арай ч нэрээ дэвшүүлэхгүй байх гэж бодож байна. Хүн ичих байх, санаа нь зовох байх. Үгүй бол албан тушаалд улайрсан хэрэг. Ашиг хонжоо, цаад талын нөлөөлөл байж мэднэ.

Үргэлжлүүлэн Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ингэхдээ “Үгээ, үнэнийг хэлсэн сэтгүүлч нарыг хууль бусаар ялладаг хонгилын тухай ярьсны 10 жилийн ой тохиож буй. Энэ хонгилыг ҮХЦ, УДШ-ээс эхэлж нураах ёстой юм байна. Цаашилбал Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ улсад хүний эрх, шударга ёс алдагдсан. Улс төрийн хувьд У.Хүрэлсүхийн дохио зангаагаар ҮХЦ удаа дараалан улс төрийн шийдвэр гаргаж байна. Шүүх шударга бус байна. Үүний төлөө АН тууштай тэмцэнэ. Улс төрийн тэмцэл эхлүүлэхэд бэлэн байна” гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %