НийгэмОнцлох

Б.Пүрэвдагва: Гэрийн дулаалга болон нөөц хуримтлууртай цахилгаан халаагуурыг сард 60,000 төгрөг төлж, зээлээр авах боломжтой

Гэр хорооллын дунд буюу Баруунсалаа, Зүүнсалаанд 800 айл өрхийг эрчим хүчээр хангах батарей хураагууртай, жижиг оврын нарны цахилгаан станцуудыг байгуулах шийдвэрийг нийслэлээс гаргажээ. Төвийн шугам тасарсан ч тухайн бүсийн айлууд байнгын тогтой байх гэнэ.

Харин энэ өвөл 7,800 айл өрхийг цахилгаан халаалтын системд шилжүүлэх бөгөөд дотоодын 20 орчим аж ахуйн нэгж цахилгаан халаагуур, яндангүй зуух буюу, нөөцлүүрт халаагуур, гэрийн дулаалга зэргийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тухайлбал хоёр талдаа хатавчтай, дээрээ тотготой дулаалга нь гэрийн дулаан алдагдлыг 33 хувиар бууруулдаг байна.

Түүнчлэн индукцин ширэмтэй, 2.4 КВт-ын дулаан хуримтлууртай, цахилгаан халаагууруудын сонголт байгаа аж.

Уг бүтээгдэхүүнүүдийг хэрхэн худалдаж авах тухай хотын дарга Б.Пүрэвдагва “Гэр хорооллын 7,800 айлд дулаан хуримтлууртай, цахилгаан халаагууруудыг нийлүүлэхдээ нэг компанитай хамтарч, нэг бүтээгдэхүүнийг шахахгүй, иргэдэд сонголт өгнө. Ингэснээр гэрт амьдарч байгаа иргэд Чип багц болон цахилгаан халаагуур зэрэг бүтээгдэхүүнээс зээлээр авах боломжтой. Иргэд сард түлшиндээ 200,000 төгрөгийг зарцуулдаг бол үүнээс бага буюу сард төлөх зээлийн хэмжээ нь 60,000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоолсон.

ААН, байгууллагууд дулаан хуримтлууртай, цахилгаан халаагуурт таван жилийн баталгаа өгч, иргэдтэй байнгын эргэх холбоотой ажиллах ёстой.

Иргэдээс судалгаа авахад дулаан хуримтлууртай, цахилгаан халаагуурыг хэрэглэх сэтгэл ханамж 85-90 хувьтай байсан” гэлээ.

Зургаан дүүргийн гэр хороололд оршин суудаг 7,800 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцаар хангахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтрах бөгөөд тус сан уг төслийн хэрэгжилтийн явц, халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцын үйлдвэрлэл, худалдан авалт, нийлүүлэлт, тээвэрлэлт, суурилуулалт болон хяналт, шинжилгээний үйл явцыг удирдан зохион байгуулах юм байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %