Ахуйн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилготой “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд танилцууллаа.
Уг уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх боломж, технологийн шийдэл болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Төслийн хүрээнд ахуйн хог хаягдлыг орчин үеийн технологиор боловсруулж, шатаах замаар цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулахыг зорьж байгаа аж.
Түүнчлэн үйлдвэр ашиглалтад орсноор хогийн цэг дээр хуримтлагдаж буй ахуйн хог хаягдлын хэмжээг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр бий болгох ач холбогдолтойг онцолсон байна.
Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл төслийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн юм. Мөн төслийг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг судлах талаар санал дэвшүүлсэн байна.
Холбогдох байгууллагуудын зүгээс уг төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид техник, эдийн засгийн үндэслэл болон бусад шаардлагатай судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийхээр ажиллаж байна.


