АН-аас Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Татварын багц хуулийн талаар байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллийнхээ эхэнд “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд татварын дарамт маш их нэмэгдсэн. Татварын орлогын ДНБ-д эзлэх хэмжээ 2016 онд 21 хувь байсан бол 2025 оны байдлаар 32 хувь болсон. АН-д татварын реформ хийх бодлого, туршлага бий. Тухайлбал “дөрвөн 10″-ын хууль баталж, татварын бааз суурийг өргөтгөж, бүхэлдээ эдийн засаг хожсон. Энэ шинэчлэлээс хойш эрх баригчид татварын дарамтыг улам нэмсэн” гэдгийг тэмдэглэв.
Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддорж хуулийн төслүүдэд тусгасан анхаарал татах заалтуудыг задлан танилцууллаа.
Татварын ерөнхий хуульд “Хугацаандаа төлөөгүй татварын алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцно” гэх заасан хэрнээ торгуульд хязгаар тавиагүй нь татварын өртэй ААН-үүд нэмэлт өрөнд орох, цаашлаад бизнесийн үйл ажиллагаа нь догдолдох эрсдэл үүсгэнэ. Мөн татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ирээдүйн орлогных нь 80 хувийг үл маргах журмаар татварт суутгана гэжээ. Ер нь бол макро эдийн засгийн алдаатай бодлогын улмаас ААН-үүд татвараа төлж чадахгүй байгаа. Дансыг хаадаг, битүүмжилдэг байсан бол одоо ирээдүйн орлогоос нь татах зохицуулалт оруулж ирж байна. Үлдсэн 20 хувиар ААН-үүд үйл ажиллагаа явуулах боломжгүй. ААН-үүд татвар төлөх дургүйдээ биш орлого байхгүй, төлөх боломжгүй учраас хугацаа хэтрээд явж байгаа. Тэгэхээр энэ заалтыг ядаж 50 хувь болгох ёстой.
НӨАТ-тай холбоотой татварын хуулийн мөрдөлтийн үнэлгээ гэж гаргаад, ААН-үүдийг оноожуулах зүйл оруулж ирсэн. Хангалттай өндөр оноо авсан ААН-ийг хоёр сар хүртэл татвараа хойшлуулах боломжийг гаргаж байгаа. Өнгөц харахад дэмжлэг мэт боловч уул уурхай, банк санхүү зэрэг өрсөлдөөнийг хязгаарласан зах зээл дэх цөөхөн том компанид зориулсан зохицуулалт шиг харагдаж байна.
Онцгой албан татварын хуулийг НӨАТ-г дагалдуулж оруулж ирсэн. Үүнд 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш үнэтэй автомашины онцгой албан татварыг 33 хувиар нэмэхээр тусгасан байна. Нэгдүгээрт, энэ хуулийг тусад нь өргөн барьж ёстой.
Хоёрдугаарт, 100 мянган ам.доллароос үнэтэй машиныг Монголд хэн унадаг вэ гэвэл төрийн албаныхан, яамд, агентлагийн дарга нар унадаг. Төрийн худалдан авалт хэдийн явдагдчихсан. Ингэхээр наадмын өмнө иргэд машин авах үеэс энэ хууль үйлчилж, татварын ачаалал болно.
НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгож нэмнэ гэсэн. Өнөөдөр НӨАТ төлдөг, төлдөггүй ААН гэсэн хоёр тогтолцоо бий болчихсон. Босго нэмэх гэхээс илүү юуны өмнө бүгд татвараа төлдөг байх нь чухал. НӨАТ-ын 10 хувийг бууруулах бодлого барьж байж жинхэнэ утгаараа татварын реформ болно.
Мөн ААН-ийн албан татварын тухай хууль 15 хувь гэдэг татварын шатлал нэмсэн нь аргацаасан зүйл. Ингэснээр ААН-үүд энэ шатлал дээр овоордог, улам жижгэрдэг, үйл ажиллагаагаа тэлэхээ больдог. Шаталсан татварын тогтолцоо гэхээс илүү бүгд жигд татвар төлдөг л болох ёстой.
Өнгөрсөн хугацаанд ХХОАТ-ыг шатлалтай болгосон. Өндөр цалинтай 1300 иргэн 20 хувийг төлж байгаа. Ингэснээр хүмүүс сайн мэргэжил эзэмшиж, өндөр орлого орлох боломжийг бууруулж байна. Жилд 20 сая төгрөг татварт төлж байгаа хүнд 950 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэдэг бол сайн бодлого биш.
Цаашид эдийн засгийн өсгөхийн тулд НӨАТ-ыг бууруулж, шаталсан татварын тогтолцоог эргэж харах хэрэгтэй. Мөн давхар татварын тогтолцоог халах ёстой. Толгой компани нь татвараа төлчихөөд байхад салбар компаниас нь давхар татвар аваад байна. Тиймээс хөрөнгө оруулалтаа урашуулах бодлого хэрэгтэй. Энэ бол татварын реформын зайлшгүй хийх зүйл гэв.


