Цахилгаан тамхи утаат тамхинаас гарахад үнэхээр тусалдаг уу гэдэг асуулт олон жилийн турш маргааны төвд байсаар ирсэн. Нэг хэсэг нь үүнийг никотины шинэ урхи гэж хардаг бол нөгөө хэсэг нь олон сая хүнийг янжуур тамхинаас холдуулж буй хор хөнөөл бууруулах хэрэгсэл гэж үздэг.
Харин дэлхийн хамгийн том хэмжээний нотолгоонуудыг нэгтгэн дүгнэсэн шинэ судалгаа энэ маргаанд тодорхой хариулт өгчээ. Оксфордын их сургууль, АНУ, Австралийн судлаачдын хамтарсан шинэ тойм судалгаагаар никотин агуулсан цахилгаан тамхи нь никотин орлуулах уламжлалт эмчилгээ болох наалт, бохь, бусад эмийн бүтээгдэхүүнээс илүү өндөр үр дүнтэйгээр хүмүүсийг тамхинаас гаргаж байгааг харуулжээ.
Энэхүү судалгаа нь Addiction сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд 2014-2023 оны хооронд хийгдсэн 109 судалгааг хамруулсан 14 системчилсэн тоймыг шинжилсэн байна.
Судлаачид 21 өөр мета анализийн үр дүнг нэгтгэж үзэхэд бүх үр дүн нэг чиглэл заасан байжээ. Өөрөөр хэлбэл никотинтай вэйп хэрэглэсэн хүмүүс бусад аргууд хэрэглэсэн хүмүүсээс илүү өндөр магадлалаар тамхинаас гарсан байна. Зарим судалгаанд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн утаат тамхинаас татгалзах никотин орлуулах эмчилгээ хэрэглэсэн хүмүүсээс 17-67 хувиар өндөр гарсан бол никотингүй вэйпээс бүр 46-109 хувиар өндөр байсан аж.
Хамгийн сонирхолтой нь энэ үр дүн ганц нэг жижиг судалгаанаас биш, олон мянган оролцогчтой томоохон судалгаануудаас гарсан байна. Жишээлбэл нэг тоймд 2,544 хүн хамрагдсан 7 судалгааг нэгтгэхэд никотинтай цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн тамхинаас гарах магадлал никотин орлуулах эмчилгээ хэрэглэсэн хүмүүсээс 59 хувиар өндөр байсан гэж гарчээ.
Мөн зөвхөн зөвлөгөө өгөх буюу зан үйл дэмжлэгээс ч хавьгүй өндөр үр дүн үзүүлжээ. 5,000 гаруй хүнийг хамарсан судалгаанд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн татгалзах түвшин бараг хоёр дахин өндөр байсан аж.
Энэ нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь ихэнх тамхичид никотиноос бус утаанаас болж үхэлд хүрдэг. Янжуур тамхи шатах үед хэдэн мянган химийн бодис, давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодисууд үүсдэг. Харин цахилгаан тамхи никотиныг шатаахгүйгээр ууршуулж хэрэглэдэг тул хорт бодисын хэмжээ эрс бага байдаг гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд үздэг.
Тийм ч учраас Их Британийн “Эрүүл мэнд болон эмчилгээний чанарын үндэсний хүрээлэн” (NICE), Их Британийн Эзэн Хааны Эмч нарын Коллеж (Royal College of Physicians), Их Британийн Засгийн Газрын харьяа Эрүүл мэндийг сайжруулах болон эрүүл мэндийн тэгш бус байдлыг бууруулах газар (Office for Health Improvement and Disparities) зэрэг байгууллагууд цахилгаан тамхийг янжуур тамхинаас гарах хэрэгсэл болгон ашиглахыг зөвлөдөг.
Мэдээж цахилгаан тамхи эрсдэлгүй гэсэн үг биш. Судлаачид урт хугацааны нөлөөллийг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж онцолсоор буй.


