НийгэмОнцлох

69 жилийн настай “ЭХИЙН АЛДАР” одонг сүүлийн зургаан жилд 72 мянган ээж хүртжээ.

Магад монгол хүний хамгийн сайхан чанар нь ээжийгээ хүндлэх, эхийн ачийг магтан дуулах болов уу. Хэдийгээр хүн төрөлхтний нийтлэг соёл, дорнын сэтгэлгээ мөн боловч монголчуудын эхийн тухай үзэл санаа илүү баян гэдгийг түүх гэрчилнэ.

Харин орчин цаг дахь хамгийн тод жишээ нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан олон хүүхэд, төрүүлж өсгөсөн эхийг алдаршуулж Төрийн тэргүүний зарлигаар одон медаль гардуулдаг уламжлал.

Энэ оны алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр эхлэв. Ингэснээр өвөл, хавартаа жагсаал цуглаан болж улс төрийн уриа лоозон дарагддаг Сүхбаатарын талбай цэцгэнд бүчүүлж, билэг ерөөл ундарсан хайрын хүрээлэн болж хувирдаг билээ.

“Эхийн алдар” одон өдгөө 69 жилийн түүхтэй

Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд ан 1957 онд БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар “Эхийн алдар” I, II одонг бий болгож 1957 онд бий болгож 1958 оноос олгож эхэлжээ. Хожим 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийг 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар батлан хэрэгжүүлсэн байдаг.

Энэ үед “Алдарт эх”-ийн I, II одонгоор 5 болон 8-аас дээш хүүхдээ өөрийн асрамжиндаа өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхэд нь эсэн мэнд байгаа эхэд бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа олгодог байв.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль батлагдснаар 2011 оноос хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгох болсон.

Уг одонг олгож буй үндсэн зорилго нь өдгөө ч хэвээрээ, төрөлтийг дэмжих, хүн амаа өсгөх. Нөгөө талаар залуус хожуу амьдрал, цөөн хүүхэд төрүүлэх болсон орчин цагт гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлдэг, ураг удмын баяр болтлоо өргөжин тэлжээ. Ямартаа л одон гардуулж буй эдгээр өдрүүдэд Сүхбаатарын талбайг зорьсон хэнбугай ч эрхгүй ээжийн дуу аялж, элгэн саднаа санагалзам халуун дулаан амьсгалтай байна.

Өнгөрсөн таван жилд 60051 ээж “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн таван жилд алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртсэн ээжүүдийн тоог тодруулъя.

  • 2021 онд 10,843
  • 2022 онд 12,559
  • 2023 онд 10,785 
  • 2024 онд 11,294
  • 2025 онд 14,480

Энэ онд алдарт эхийн одонгоо гардах ээжүүдийн хамгийн ахмад нь 94 настай

2026 онд нийт 12306 ээж алдарт эхийн одонгоо гардаж авна. Үүнээс I зэргийн одонгоор 1645, II зэргийн одонгоор 10661 ээж энгэрээ мялааж буй. Нийт одон авах ээжүүдийн 50 хувь нь 33-39 насных бөгөөд хамгийн залуу нь 22 настай II дугаар зэргийн одон авч байгаа юм. Харин хамгийн ахмад нь 94 настай ээж одонгоо нөхөн авч буй.

2025 онд “Эхийн алдар олгох журмын талаар тухай Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Уг зарлигт хэрэв эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд дараах тохиолдлыг хамруулж болно хэмээн тусгасан.

Өмнө нь хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байх хуулийн зохицуулалттай байсан юм.

0-1 насанд нь алдсан хүүхдээ одонгийн хүүхдийн оруулах хуулийн төслийг эцэслэн батлах эсэх хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2025 оны зургаадугаар сард Д.Үүрийнтуяа нарын нэр бүхий гишүүд УИХ-д өргөн мэдүүлэн. Хуулийн төсөлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, тухайн үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгаад буй. Өөрөөр хэлбэл, тус хууль батлагдвал 0-1 насанд нь алдсан хүүхдээ одонгийн хүүхдийн оруулах боломж бүрдэнэ.

Хууль санаачлагчдын зүгээс алдарт эхийн урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж үзжээ.

Тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн дэмжээд байгаа бөгөөд тавдугаар сарын 28-нд энэхүү хуулийг эцэслэн батлах эсэх хэлэлцүүлэг болно. Хууль батлагдвал ирэх жил 27000 орчим ээж “Эхийн алдар” одон авах тооцоолол гарчээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %