НийгэмОнцлох

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 6 хувийн зээлд бетон зуурмагийн үйлдвэр, хятад ресторан зэрэг хамрагджээ.

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор олгосон 6 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, ил тод байдлын асуудал хөндөгдөөд буй. Тодруулбал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос тус холбоонд бүртгэлгүй хэрнээ зээл авсан 18 ААН-ийн мэдээллийг ирүүлэх тухай албан бичгийг салбарын яаманд хүргүүлээд байгаа билээ.

Тэгвэл манай редакц эдгээр ААН-ийн эзэмшил, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг нэгтгэн бэлтгэлээ. Үүн дотор орон нутаг дахь рашаан сувилал, зочид буудал, амралтын газар нэлээд байна. Мөн нэгдсэн эмнэлэг, бетон зуурмагийн үйлдвэр, улаанбаатар дахь хамгийн олон салбартай хятад рестораны толгой компани ч байв.

Нэг. Элсэн тасархай дахь “Бичигт хад” ресорт

Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоонд бүртгэлгүй ч зээл авсан ААН-үүдийн нэг нь “Сод хан травел” ХХХ нь. Тус компани долоон тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ нь бидний нэрлэж заншсанаар Элсэн тасархай буюу Булган аймгийн Рашаант суманд үйл ажиллагаа явуулдаг “Бичигт хад” жуулчны бааз аж.

Тус жуулчны баазын тухайд 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин компанийн тухайд 2009 онд зоогийн газрын чиглэлээр байгуулагдаж байжээ. Компанийн эцсийн өмчлөгч нь 2024 оны байдлаар Донёдын Бадамдорж, гүйцэтгэх захирал нь Г.Энх-Орчлон гэж бүртгэгджээ.

Хоёр. Монос группийн хамаарал бүхий “Испани харш” ХХК

Долоон тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан “Испани харш” ХХК нь ТМонос группийн хамаарал бүхий компани юм.

Зээл авсан жил буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Монос тур” ХХК-тай хамтран Улаанбаатар хотоос 53км зайд Тэрэлж БЦГ-т Сэргээн засах болон Уламжлалт анагаах ухааны сувиллын цогцолборын барилгын гадна цэвэр, бохир усны иж бүрэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн төхөөрөмж угсрах тендерийн сонгон шалгаруулалт зарласан мэдээлэл нь цахим орчинд ил бий.

Нээлттэй мэдээллийн сангаас харвал, Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй М.Цэрэндорж нь Монос Констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Харин “Испани харш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар бол “Монос” группийн ерөнхийлөгч юм. Мөн эцсийн өмчлөгч Х.Ананд нь Л.Хүрэлбаатарын хүү “Монос” группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн аж.

Гурав. Автомашины худалдаанаас аялал жуулчлал руу шилжсэн Эйч Ти Эл гейтвэй

Эйч Ти Эл гейтвэй ХХК нь долоон тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн түүхийг сөхвөл, 2012 онд автомашины худалдаагаар үйл ажиллагаагаар эхэлжээ. Үүнээс есөн жилийн дараа төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаагаар үйлчилгээний төрлөө нэмсэн байна.

Харин 2024 онд компанийн нэрээ сольж, хувь эзэмшигчид өөрчлөгджээ. Өмнө нь “Модернити-Автомотив” гэх нэртэй байж. Компанийн эзэмшил, нэр солигдох үеэр амралтын газар ,  аялал жуулчлал, бизнесийн болон менежментийн зөвлөгөө өгөх чиглэлд үйл ажиллагаа шилжүүлсэн байна. Одоо тус компанийн эцсийн өмчлөгч нь Б.Эрхэс, гүйцэтгэх захирал нь Д.Баярсайхан .

Дөрөв. Нийслэл дэх хамгийн олон салбартай хятад хоолны газрын толгой компани “Тэргүүн чансаа” ХХК

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд бүртгэлгүй 18 ААН-ээс 4 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан нь Тэргүүн чансаа. “Тэргүүн чансаа” ХХК нь 2007 онд гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Премиум палас, Премиум болор зэрэг хэд хэдэн салбар компанитай.

Улаанбаатарт хамгийн олон салбартай гэгддэг Юу лонг хятад хоолны ресторан болон премиум зочид буудал тус компанийнх. Мөн Тэрэлжид амралтын газартай. Нэр нь “Премиум” болор ресорт. Премиум болор: 2.35 тэрбум зээл шийдэгдсэн, ССАЖЗЯ-тай хяналтын гэрээ хийхээр ажиллаж байна.

Тав. “Галтхалуун” рашаан сувилал 675 сая төгрөгийн зээл авчээ

Хөвсгөл аймгийн Галт суман дахь рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг компани. Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч нь Н.Жанчивдорж. 2013 онд байгуулагдсан. Анх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бэлтгэх, худалдаалах, боловсруулах, бусад мал, амьтан өсгөх чиглэлээр үйл ажиллагаагаа бүртгүүлж байжээ. 2024 онд аялал жуулчлал, 2025 онд сувиллын тусламж үйлчилгээгээр үйл ажиллагаа өргөжүүлсэн байна.

Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Галт суманд халуун рашааны ордыг түшиглэн 1961 онд анх рашаан сувилал байгуулжээ. 2004 оноос хойш дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн байна. Улсын хэмжээнд рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн эрэлттэй рашааны жагсаалтад зүй ёсоор бичигддэг.

Зургаа. Летс Трэвэл ХХК-ийн охин компани ДНДХ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ДНДХ 555 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Тус компани 2012 онд аялал жуучлал, нийтийн хоол, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан. Эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх захирал нь С.Амгаланбат.

Компанийн хувьцаа эзэмшигчдийг харвал БНХАУ-ын иргэн Шин Ла Яао болон Летс Трэвел ХХК байна. Өөрөөр хэлбэл, Летс Трэвелийн охин компани аж. Тус компанийн Ерөнхний захирал нь С.Амгаланбат бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр 2006 онд байгуулагдсан. Зургаан салбар компанитай. Гурван жилийн өмнө олон улсын нислэгийн тийз үйлчилгээгээр үйл ажиллагаа өргөжүүлсэн нь Эйр Стар нислэгийн тийз захиалгын агент аж.

Долоо. Хэнтийн “алдарт” Ханбүргэд

3.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан “Ханбүргэд хаан-2” ХХК нь Хэнтий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэд” ресторан, супермаркет юм байна. Хэнтийд ижил нэртэй зочид буудал байдаг нь нэгдүгээр салбар нь аж. Тус зочид буудал бол дотоод, гадаадын аялагч, амрагчдын өмнө нүүр тахалдаг газруудын нэг гэдгийг зүүн аймаг руу зорчиж байсан хүмүүс андахгүй.

Нээлттэй мэдээллийн сангаас харвал “Ханбүргэд хаан” ХХК-ийг Ч.Нарантуяа гэх эмэгтэй 100 хувь эзэмшдэг аж. Мөн Хэнтий аймгийн 2025 оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарч байжээ.

Найм. Эрдэнэтийн Молор-Эрдэнэ зочид буудал

Аялал жуулчлалыг дэмжих зургаан хувийн хүүтэй зээлээс “Эрдэнэт Молор-Эрдэнэ” ХХК нэг тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус компанийг Д.Чулуунбат 100 хувь эзэмшдэг бөгөөд 2007 онд байгуулагдсанаас хойш улсын бүртгэл, өмчлөлд хөдөлгөөн ороогүй байна.

Анх үйл ажиллагаа нь морин уралдааны чиглэлтэй байж. Харин 2025 онд аялал жуулчлал, амралтын газар, зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаагаа тэлжээ. Эрдэнэт хотод Молор-Эрдэнэ нэртэй зочид буудал, ресторан байдаг нь тус компанийнх бололтой.

Ес. Нэг тэрбум төгрөгийн зээл авсан “Блак голд антрацит” ХХК

2015 онд аялал жуулчлал, уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулжээ. Энэ үед Н.Содномцэрэн 100 хувь эзэмшдэг байв. 2020 оноос хойш компанийн хувь эзэмшлд хэд хэдэн удаа хөдөлгөөн оржээ. 2025 онд гүйцэтгэх захирлаар Б.Ариунжаргал, энэ онд эцсийн өмчлөгчөөр Д.Болорэрдэнэ тус тус бүртгэлтэй байна.

Хөнгөлттэй зээл авсан ондоо буюу 2025 онд онлайн болон тавилгын худалдаа, кофе шоп, мал аж ахуй, газар тариалан эрхлэх, амралтын газрын үйлчилгээ, санхүүгийн тайлан баланс гаргах, түүний холбоотой зөвлөгөө өгөх, түргэн хоолны үйлчилгээ, зар сурталчилгаа хийх гэхчилэн үйл ажиллагааны чиглэлээ нэмэгдүүлжээ.

БОУАӨЯ-наас 2024 онд таван жилийн хугацаатай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тусгай зөвшөөрөл, 2025 онд Налайх дүүргийн ЗДТГ-аас согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авсан байна.

Арав. Шүүхийн “түүхтэй” Атаршим трейд ХХК

“Атаршим трейд” ХХК нь 950 сая төгрөгийн зээл авсан. Тус компани 2010 оны арвандугаар сард байгуулагдсан. Аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх захирал нь Б.Амарсайхан. Жанчивын Бямбабаяр, Бямбаярын Анхбаяр, Бямбабаярын Амарсайхан, Баатарцогт Янжинлхам, Оюунмядаг Цэлмэг нар хувь эзэмшдэг байна. О.Цэлмэг үүсгэн байгуулсан.

Тус компанитай холбоотой өөр нэг мэдээлэл архивлагдан үлджээ. Тодруулбал, “Өнөөдөр” сонины 2022 оны зургаадугаар сарын 29-ний дугаарт “Бооцоот уралдааны хууль боловсруулах хөрөнгийг БОАЖЯ-ны албан тушаалтан үр ашиггүй зарцуулжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна.

Тус нийтлэлд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгалан, иргэн Х.Сүрэнхорол, С.Ариунаа нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна… Түүнийхээ дараа 2019 оны арваннэгдүгээр сард хоорондоо Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлээд санхүүжилтийн 10 сая төгрөгийг гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан Х.Сүрэнхоролд олгуулсан гэнэ” хэмээжээ.

Арван нэгАрцат-Овоогийн хувь эзэмшил бүхий “Монгол технологи инвестмент” ХХК

Энд дурдаж буй 18 ААН-ээс хамгийн өдөр долоон тэрбум төгрөгийн зээл авсан компаниудын нэг нь Монгол технологи инвестмент. Тус компани 2011 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2019 оноос бетон хийц эдлэлийн үйлдвэрлэл, төмөр замын урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөрбетон дэр үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Тус компани барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх болон төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл тус эзэмшдэг аж. Гүйцэтгэх захирал нь Н.Батнар. Харин компанийн эцсийн өмчлөгчөөр Монгол технологи инвестмент , Арцат овоо компаниуд байна.

 Түүнчлэн, цахим хуудсандаа “Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.1 км төмөр замын их бүтээн байгуулалтад оролцож, бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлсэн хэмээн танилцуулга бэлджээ.

Арван хоёр. Дорноговийн Борхойн бүрд

800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан “Борхойн бүрд” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд дахь хээрийн нөхцөлд хоол хүнс үйлдвэрлэн, кемпийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага аж. Анх 2012 онд зоогийн газрын үйлчилгээ үзүүлэн байгуулагдсан бол 2016 оноос үлэмжийн аж ахуй, төмс хүнсний ногоо тариалалтаар өргөжүүлсэн байна. Мөн 2022 оноо зочид буудлын үйлчилгээ, катерингийн үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээ үйл ажиллагаа тэлжээ.

2024 онд компанийн хувь эзэмшил, упирдлагад хөдөлгөөн оржээ. Одоогоор тус компанийн эцсийн өмчлөгчөөр Ж.Болормаа бүртгэлтэй байна. Тэрбээр компанийг 100 эзэмшдэг, гүйцэтгэх захирал нь. Тус компани тендерт оролцсон мэдээлэл байхгүй.

Арван гурав. Халиунтолгой ХХК-ийн Халиун мед эмнэлэг

500 сая төгрөгийн зээл авсан Халиунтолгой ХХК анх 2005 оны арванхоёрдугаар сард байгуулагджээ. О.Баярцэцэг, Б.Эрдэнчимэг нар хамтран эзэмшдэг.

2023 оноос нэгдсэн эмнэлгийн болон сувилалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ. 2022 онд эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатай авсан байна. Энэхүү эмнэлэг нь СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халиун мед эмнэлэг аж.

Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй зээл авснас хойш буюу 2026 оны тавдугаар сард үйл ажиллагаанд нь аялал жуулчлал болон төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн чиглэл нэмэгджээ.

Арван дөрөв. 500 сая төгрөгийн зээл авсан Силк Роуд Интернэйшнл ХХК

2016 оны гуравдугаар сард байгуулагджээ. Эцсийн өмчлөгчөөр С.Нарантуяа, Гүйцэтгэх захирлаар Б.Орхон нар бүртгэлтэй байна.2021 онд найман жилийн хугацаатай харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авчээ.

Тус компанийн мэдээлэл opendata.mn-д хамгийн сүүлд 2026 оны дөрөвдүгээр сарын 25-нд шинэчлэгджээ. Мэдээллийн түүхээс харвал 2016 онд хүнсний худалдаа, барилгын засвар үйлчилгээ,  гадаад худалдаагаа үйл ажиллагаа өргөжүүлсэн байна. 2017 онд гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл,  газар тариалан, хүнсний ногоо тариалах, мал аж ахуй, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр нэр төрлөө нэмсэн аж

Өөрөөр хэлбэл, одоогоор тус компанийн үйл ажиллагааны чиглэлд аялал жуулчлал бүртгэгдээгүй байна. Ташрамд дурдахад, энэхүү компани Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд бүртгэлтэй.

Арван тав. Баянхайрхан трейд

“Баянхайрхан трейд” ХХК-ийн 650 сая төгрөгийн зээл авчээ. Тус компани 2006 онд баар, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан аж. Өдгөө аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний түр сургалт явуулдаг. 2024 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авсан байна. Эцсийн өмчлөгчөөр Т.Оюунчимэг, гүйцэтгэх захирлаар Д.Хандсүрэн бүртгэгджээ.

Арван зургаа. Дундговийн Бүрд зочид буудал, ресторан

Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй зээлээс орон нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал зоогийн газрууд цөөнгүй авсан байгаагийн нэг нь “Дэлгэрэх бүрд” ХХК. Тус компани 960 сая төгрөгийн зээл авсан. Дундговь аймгийн төв Мандалговь хотод байрладаг бөгөөд зочид буудал, ресторан, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Арван долоо. “Хасабэ- Интернэшнл” ХХК буюу Цэцэг зочид буудал

“Хасабэ- Интернэшнл” ХХК нь нэг тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани 2006 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлал, зочид буудал, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Олны нэрлэж заншсанаар Сансарт байрлах Цэцэг зочид буудал тус компанийнх аж. Эцсийн өмчлөгч нь Д.Мөнхөө, гүйцэтгэх захирал нь А.Амарбаясгалан.

Арван найм. Грийн гэйт трэйвэл

Хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан “Грийн гэйт трэйвэл” ХХК

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %