ДЭМБ мэдээлснээр “MV Hondius” аяллын хөлөг дээр хантавирусийн халдвар дэгдсэний улмаас есөн тохиолдол бүртгэгдээд байна. Тус хөлөг дээр сууж явсан 150 хүн Испанийн Тенефире арал дээр бууж, улс орнууд иргэдээ чартерийн онгоцоор шилжүүлж авчээ.
Одоогийн байдлаар халдварын улмаас гурван хүн амь үрэгдсэн байна. Вирусийн далд үе зургаан долоо хоног хүртэл үргэлжилдэг тул халдвар авсан хүний тоо нэмэгдэж болзошгүй юм. ДЭМБ халдварын хавьтал болсон хүмүүсийг 42 хоногийн турш тусгаарлахыг зөвлөсөн байна. Одоогийн байдлаар халдвар авсан байж магадгүй хоёр сэжигтэй тохиолдол ажиглалтад байгаа юм.
Хантавирус гэж юу вэ?
Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаар дамждаг вирусийн төрөл юм. 1976 онд тус вирусийг Өмнөд Солонгосын Хантан голоос илрүүлсэн учраас хантавирус гэж нэрлэжээ.Олон төрлийн хантавирус байдаг ч цөөн хэд нь л хүнд халдварладаг байна.
Вирусийн төрлөөс хамаараад өөр өөр өвчин үүсдэг. Тодруулбал Син номбре, Андын гэх мэт хантавирусийн төрлийн халдварын улмаас уушиг-зүрхний хам шинж (HCPS) үүсэж болно. Энэ нь маш хурдан хүндэрдэг өвчин юм. Бусад төрлүүд бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт (HFRS) эсвэл бөөрний цочмог үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг.
Америк тивээс илэрдэг хантавирусууд нь ихэвчлэн HCPS үүсгэдэг юм. Харин Европ болон Азид байдаг төрлүүд HFRS өвчнийг үүсгэдэг байна. “MV Hondius” дээр бүртгэгдсэн хантавирус нь Андын төрөл юм.
Хантавирусийн Андын төрөл гэж юу вэ?
Андын төрөл нь анх Аргентинд бүртгэгдсэн хантавирус. “MV Hondius” Аргентинаас Өмнөд Африкийн Кэйп Верде руу аялж явж байсан билээ. Андын төрөл нь хантавирусийн бүртгэгдсэн омгууд дундаас хүнээс хүнд халдварладаг цорын ганц төрөл юм. Гэхдээ маш ойр, удаан хугацааны хавьтлаар л Андын хантавирус хүнээс хүнд халдвраладаг байна. Европ болон Азид байдаг бусад төрлийн хантавирусүүд хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй.
“MV Hondius” хөлөг. Зургийн эх сурвалж: DW
Хантавирус хэрхэн халдварладаг вэ?
Халдвартай мэрэгч амьтны өтгөн, шингэн эсвэл шүлсээр дамжин хантавирус халдварладаг байна. Мэрэгч амьтадтай ойр байдаг ажилтай хүмүүс хантавирусийн халдвар авах эрсдэл нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл газар тариалан, ойн аж ахуйн ажилчид гэх мэт хүмүүс эрсдэлт бүлэг юм. Мөн агааржуулалт муутай газар цэвэрлэх, мэрэгчтэй орчинд унтах зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болно.
Хантавирус нийгмийн эрүүл мэндэд хэр эрсдэлтэй вэ?
Нийт хүн ам дунд хантавирусийн халдвар тархах эрсдэл бага гэж ДЭМБ болон Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв (ECDC) үзэж байна.
“ECDC”-ийн зөвлөж буйгаар шинж тэмдэг илэрсэн хөлгийн зорчигч болон ажилчдыг яаралтай тусгаарлаж, шинжилгээнд хамруулан эмчлэх шаардлагатай. Харин шинж тэмдэггүй хүмүүсийг зургаан долоо хоног хүртэл тусгаарлаж, биеэ ажиглахыг зөвлөсөн юм.
Генетикийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудаас харвал халдвар бүгд нэг эх үүсвэртэй байсан аж. Өөрөөр хэлбэл энэ нь шинэ төрлийн хантавирус биш юм. “ECDC” мэдэгдэл хийхдээ “Одоогоор энэ хантавирус Андын төрлөөс илүү хурдан тархдаг эсвэл илүү хүнд өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байна” гэжээ.
Хантавирус хэр аюултай вэ?
ДЭМБ-ын мэдээлснээр хантавирусийн халдвар жилд харьцангуй бага бүртгэгддэг байна. Хантавирусийн халдварт зориулсан эмчилгээ эсвэл вакцин байхгүй тул голдуу шинж тэмдгийг нь намдаах эмчилгээ хийдэг.Нас баралтын хувь Ази болон Европт 1-15 хувь байдаг бол Америк тивд 50 хувь хүртэл байдаг.
Халдвар авсан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд
Халдвар авснаас хойш вирусийн төрлөөс хамаараад нэгээс найман долоо хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг. Халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих гэх мэт ходоод гэдэсний замын зовуурь илэрч болно. Дэлхий даяар жил бүр 10 мянгаас 100 мянга гаруй хүн хантавирусийн халдвар авдаг гэж ДЭМБ тооцоолжээ. Үүний ихэнх нь Ази болон Европт тохиолддог байна.
Өмнө нь дэгдэлтүүд гарч байсан уу?
Хантавирусийн хамгийн том дэгдэлтүүдийн нэг нь 2018-2019 онд Аргентинд гарсан. 2018 оны аравдугаар сарын 28-наас 2019 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд Чубут мужийн Эпуен хотод 34 хүн халдвар авч, 11 хүн нас барсан байна.
Тухайн үед халдварын шинж тэмдэг илэрсэн гурван хүн арга хэмжээнд оролцсоноор халдвар тархсан юм. Хантавирусийн 18 тохиолдол батлагдсаны дараа албаныхан халдвартай хүмүүсийг тусгаарлаж, хавьтал болсон хүмүүсийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авчээ.


