Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 81.15 хувьтай байна.
Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт болон хүндрэл өндөр бүртгэгддэг Налайх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга нар ажиллажээ.
Энэ үеэр дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцон, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
Налайх дүүргийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт одоогоор 68.72 хувьтай байгаа аж.
Зорилтот бүлгийн дархлаажуулалтын хамрагдалт:
- 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд – 56.24 хувь
- Жирэмсэн эмэгтэй – 2.5 хувь
- 65 ба түүнээс дээш насны иргэн – 56.74 хувь
- Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 49.42 хувьтай байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалжээ. Дархлаажуулалтад хамрагдах нь томуугийн халдварын хүндрэлээс сэргийлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.


