НийгэмУлс төр

Ямар үед улс орнууд дефолт зарладаг вэ, Монголд ийм нөхцөл үүссэн үү

Улсын өрийн хямралын эцсийн шатны илрэл буюу зээлээ төлж чадахгүйд хүрэхийг дефолт гэж хэлдэг. Засгийн газар өрийн үндсэн төлбөр болон хүүг эргэн төлөх үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд үндсэндээ дефолт зарлах нөхцөл байдалд хүрэх бөгөөд дампуурал гэж ойлгож болно. Хэрвээ ийм нөхцөлд орвол дефолт зарласан улс орон олон улсын зах зээлд үнэлгээ буурах, бизнес эрхлэгчдийн итгэл сулрах зэргээр дотоодын хөрөнгө гадагшлах нөхцөл байдал бий болдог.

Монгол Улсын Засгийн газрын улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2026 онд 40.7 хувьтай байхаар төлөвлөсөн. Харин бодит байдал дээр 2025 оны III улирлын эцсийн байдлаар манай улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 тэрбум ам.доллароор өссөн дүнтэй гараад буй.

Хөгжиж буй орнуудад улсын нийт өрийн хэмжээ 60 хувиас дээш бол анхаарах шаардлагатай гэж үздэг бөгөөд заримд нь өрийн төблөр нь төсвийн орлогын 40 хувиас дээш бол санхүүгийн хувьд эрсдэлтэй гэж үзэх тохиолдол бий. Ялангуяа валютын нөөц багатай, экспорт сул орнуудад энэ нь дефолтын магадлал гэж үзнэ. Харин манай улсын хувьд одоогийн байдлаар валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн голчилсон экспортын бүтээгдэхүүний эрэлт тийм сул биш.

Тиймээс төсвийн орлого, валютын нөөц, гадаад хөрөнгө оруулалт, ханшийн уналт, экспортын орлогын хэмжээ зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж байж дефолт зарлана гэсэн үг. 2022 онд Монгол Улсыг БНХАУ-д өрөө төлж чадахааргүй эрсдэлтэй улс орнуудын жагсаалтад оруулж байсан бөгөөд энэ нь Хятадын төв банктай хийсэн своп хэлцлийн хүрээнд авсан зээлийн эргэн төлөлтийн асуудал болоолд тухайн үеийн эдийн засгийн өсөлт, экспорт саарсан, төсвийн зарлага тэлсэн, валютын нөөц хангалттай бүрдээгүй зэрэг нөхцөлд орж байсан юм.

Үүний өмнө 2016 онд мөн ийм нөхцөл байдал үүссэний улмаас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Тухайн үед ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас 5.5 тэрбум орчим ам.долларын багцын дэмжлэг авч, төсвийг сахилга батыг сайжруулах, татвар нэмэх, зарим халамжийг танах, банкны салбар болон өрийн удирдлагыг сайжруулах арга хэмжээнүүдийг авсан.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %