ОнцлохШуурхайЭрүүл мэнд

Өмнөговь аймагт он гарсаар соронз залгисан 1-11 насны дөрвөн хүүхэд хагалгаанд оржээ.

Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхдүүд товч, товчин зай зэрэг гадны биетийг залгих тохиолдол их байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ноцтой аюул учруулдаг байна. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээр эмч нар ийм төрлийн сэрэмжлүүлэг мэдээ, ярилцлага өгч эцэг, эхчүүдэд анхааруулдаг ч гэсэн тохиолдолын тоо буурахгүй байгаа талаар Өмнөговь аймгийн мэс заслын их эмч Ч.Амарсайхан анхааруулсан байна.

Тэрбээр “Эцэг, эхчүүдээ он гарсаар БОЭТ-д соронз залгиж яаралтай мэс засалд орсон /бага насны/ буюу 1-11 насны хүүхэд, дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр хүүхдүүд соронз, баттeрей, товчин зай, төрөл бүрийн эмнүүд, угаалгын шингэн зэргийг ууж залгиснаас болж эрсдэлтэй учирч байна. Иймээс соронзон баттерей элдэв хорт бүхнээс  хүүхдээс хол байлгая. Хүүхдийн аюулгүй байдал таны сонголтоос эхэлнэ. Та хүүхдээ хамгаалах хамгийн энгийн алхам зөв тоглоом сонгохыг уриалж байна” гэжээ.

Эдгээрээс хүүхдийн эрүүл мэндэд хамгийн ноцтой аюул учруулдаг нь товчин зай, соронз байдаг аж. Хэрэв хүүхэд зай залгисан бол хоол боловсруулах замд ороод хайлж маш хүчтэй хүчил ялгаруулдаг бөгөөд энэ нь салст, давхаргуудыг нь түлэх, цаашлаад цоолох зэрэг ноцтой гэмтэл учруулдаг гэдгийг мэргэжлийн эмч нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа маш тодорхой дурдсан байдаг. Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ гадны биет залгисан гэдгийг мэдэлгүй олон хонодог байна. Тиймээс хүүхэд товчин зай залгивал хоёр цагийн дотор эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай бөгөөд бөөлжүүлж гаргах оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна.

Хүүхэд шуугиантай амьсгалах, байнга шүлсээ гоожуулах, залгихад бэрхшээлтэй болох, бөөлжих, цустай эсвэл хар өтгөн гаргах, хоолой, цээж эсвэл хэвлийгээр өвдөх шинж тэмдгүүд илэрвэл товч, зоос, төмөр эд анги залгисан байж болзошгүй юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, бүх төрлийн зай, товч, үзгийн таг зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байлгахыг анхааруулж байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %