Их Британийн шүхэрчин цэргүүд тус улсын хамгийн алслагдмал газар нутаг болох Атлантын далайн Тристан да Куняа арал дээр эмч, эмнэлгийн хэрэгслийн хамт буужээ. Тодруулбал тус улсын 16-р агаарын довтолгооны бригадын зургаан шүхэрчин, хоёр цэргийн эмч арал дээр буусан байна. Тэд 3 мянган км орчим нисэж тус арал дээр очжээ.
Энэ нь Их Британийн зэвсэгт хүчин шүхэрчин цэргүүдээрээ дамжуулж хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэн анхны тохиолдол болсон гэж Батлан хамгаалах яам нь мэдэгдсэн байна. Тусламжийн ихэнхийг хантавирусийн сэжигтэй тохиолдол болсон британи эрэгтэйд зориулжээ. Тэр эрэгтэй хантавирусийн халдвар бүртгэгдсэн “MV Hondius” аяллын хөлгийн зорчигч байсан юм. Тус хөлөг дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд Тристан да Куняа арал дээр зогссон билээ. Хантавирусийн халдварын улмаас “MV Hondius” дээр явсан гурван хүн амь үрэгдээд байгаа.
Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ “Арал дээр хүчилтөрөгчийн хангамж маш бага түвшинд байсан тул цэргийн эмч нар хангамж нийлүүлэх нь тухайн цаг хугацаанд тусламж хүргэх цорын ганц арга байсан” гэжээ.


