Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төслийг боловсруулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Энержи ресурс”, “Ачит ихт”, “Бороо гоулд” зэрэг компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, стратегийн орд эзэмшигч компани бүртэй хэлэлцээ хийх нь хугацаа алдана. Түүний оронд төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулж, тухай орлого нь Үндэсний баялгийн санд хуваарилагдах байх нь зөв зарчим. Ингэснээр иргэдийн хуримтлалын нэрийн данс богино хугацаанд арвижих боломжтойг хэллээ.
“Чингис хаан” үндэсний баялгийн сан дахь иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл 306 мянга болсон. Энэ жилдээ багтаан 500 мянган болно гэж тооцоолж байгаа.
Үндэсний баялгийн сангийн хуулиар төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордуудад тогтоох эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ орд бүрийг эзэмшиж байгаа компаниудтай санхүүгийн модель гаргаж, хэлэлцээ хийн гэвэл салбарын сайд хэлж буйгаар 55 жил болно. Ер бол маш их цаг хугацаа орно.
Орано майнингтай гэрээ хийх ажлыг би ахалж байсан. Тухай үед Монгол Улс санхүүгийн моделоо гаргаж УИХ-д танилцуулан төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулсан. Дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ тооцогдож байгаа. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, АМНАТ-аар орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд хуваарилагдаг зохицуулалт хийсэн. Энэ жишгийн дагуу явах нь маш зөв зарчим.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Бид орон нутгийн хөгжлийн сангийн 10 хувийг 15 хувь болгоод аймаг, суманд нь хуваарилдаг болж байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлэх гэж байна. Инггэснээр хариуцлагатай уул уурхай хөгжинө. Лиценз эзэмшиж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулахад, орон нутгийн иргэд дэмжих хандлага нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож Үндэсний баялгийн санд хуваарилах тухай бие даасан хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газрын бодлого гарсан.
Г.Занданшатар Ерөнхий сайдын үед өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юуг тооцох вэ тодорхойгүй. учраас хэлэлцээр хийхэд ойлгомжгүй байдал үүсдэг. Нэгт, 60 хувьд юу юу орох вэ гэлгийг хуульчилж өгнө.
Хоёрдугаарт, тусгай АМНАТ-ын хувь хэмжээг хуульчилна. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очдог болвол өнөөдрийн 306 мянган төгрөг цаашид өсөх боломжтой. Жил хагасын өмнө тусгай АМНАТ-ыг гурван хувиар оруулсан байхад энэ мөнгө сая төгрөг болчих байсан.
Орд эзэмшигч болгонтой хэлэлцээр хийнэ гэвэл маш их цаг алдана. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байгаа үед гаднын хөрөнгө оруулалт татахад хэцүү. Тиймээс тусгай АМНАТ дээр хэлэлцээ хийгээд явбал ард түмэнд очих өгөөж нэмэгдэнэ. Тухайлбал, алт, зэсэн дээр хэд байх вэ гэдгээ нарийн тогтоно. Мөн дахин хууль батлах шаардлагагүй болно гэв.
Эргэн сануулахад, 2007 онд улсын төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон 16 стратегийн орд газрыг баталсан байдаг. Үүнээс найм нь төрийн эзэмшил нь тогтоогдоогүй, 25 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшдэг, 14 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг аж.


