Шар хулсны нуруу орчимд ус, газрын гарц сайн байгааг Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэр болох дархан цаазат газрын хамгаалалтын бүс болон онгон бүсэд тогтмол эргүүл, хяналт шалгалт хийж байна. Мөн хяналтын хүрээнд зэрлэг амьтдын ажиглалт, байршил, шилжилт хөдөлгөөн, тоо толгойн тандан судалгааг давтамжтайгаар гүйцэтгэж байгаа юм.
Шар хулсны нуруу нь Монгол Улсын баруун өмнөд хэсэг, Алтайн өвөр говьд оршдог Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсэгт багтдаг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутагт тооцогддог. Тус нуруу нь мазаалайн нутагладаг гурван үндсэн баян бүрдийн нэг бөгөөд говийн зэрлэг амьтдын ундаалах, амьдрах таатай орчныг бүрдүүлдэг юм.


