Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан өнөөдөр /2025.11.25/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тухайлбал, Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнасан бол Гавьяат жүжигчин цолоор О.Норолхоо, Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Цэрэннадмид нарыг шагнажээ.
Ахмад жүжигчин О.Норолхоо:
-Өнөөдрийг хүртэл намайг хайрлаж, хүндэлж энэ зэрэгт хүргэсэн хүмүүс бол үзэгчид байсан. Намайг халуун дотноор үргэлж дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа. Хүүхэлдэйн театрын болон Драмын театрын хамт олондоо баярлаж байна. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Ийм сайхан шагнал авсандаа туйлын баяртай байна. Монголын ард түмэн мэддэг “Алтан түлхүүр” жүжгийн Брутиногийн дүрээ хайрлаж явдаг.
Ардын багш С.Дулам:
-Хүчирхэг ирээдүйтэй Монгол Улсыг онож төрсөндөө маш их баярлаж байна. Хангай нурууны эх уулсын дундах хөх бууц дунд Монгол эсгий гэрт мэндэлж, хонины нэхий өлгийнд өлгийдүүлэн хүн болсон аз заяандаа бахархаж байна. Хорвоо дэлхийн хосгүй эрдэнийн Монгол соёлын орчинд хүн болгож, өдий зэрэгт хүргэсэн дөрвөн аав ээждээ хязгааргүй их баярлаж байна.
Цагийн цагт халуун хайраар тал бүрээс дэмжиж элэг бүтэн, энгэр дүүрэн амьдруулсан халамжит хань, үр хүүхдүүд гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.
Бага, дунд, их дээд сургуулийг дамжуулж эрдмийн шимээ хүртээж багш гэх алдарт хүргэсэн олон үеийн багш, шавь нартаа гүнээ талархал илэрхийлье. Хамт ажиллаж байсан эрдмийн хамт олон тэр дундаа намайг төрийн өндөр шагналд нэр дэвшүүлсэн СУИС-ийн хамт олон, сүүлийн олон жил Монгол орны хадны зургаас гурамсан бүжгэн жүжиг бүтээж дэлхийн тайзанд тоглуулах хүртлээ хамтран ажилласан бүжгийн урлагийн бүтээлч хамт олондоо гүнээ талархъя. Судалж дуусашгүй, суралцаж баршгүй монгол соёлоороо бахархаж, насан хутгийн хязгаар хүртлээ билиг оюун бичгийн эрдмийн үйлсдээ чамдах хүсэлтэй байна. Энэ 60-аад жилийн хугацааг эргэн харахад өөрийн олон мянган шавь нартаа болон Монгол түмэндээ хэлэх гэсэн санаагаа 20 орчим ном болгон хүргэсэн байна. Монгол төр хүний оюуныг үнэлж чадаж байгаад баяртай байна. Та бүхэн их азтай хүмүүс шүү. Энэ дэлхий дээр байгаа олон орны дотроос эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсад төрж өснө гэдэг юутай ч зүйрлэшгүй том хувь заяа юм шүү гэдгийг ухаарч байгаасай.
Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид:
-Гэрэл зургаар 63 дах жилээ ажиллаж байна. “Монцамэ” агентлагт 60-н жил эх орноо гадаадад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан. Анхны олон улсын гэрэл зургийн уралдааны шагналыг авчирч байлаа. Мөн анхны “Nikon” загварын камерыг эх орондоо авчирч байлаа. Гадаадын зургаан орноос шагнал авч байлаа. Хамт олондоо, ард түмэндээ маш их баярлалаа.


