Өмнөд Солонгост сургуулийн тогооч болон сурган хүмүүжүүлэх бус чиг үүрэгтэй бусад ажилтнууд өнгөрсөн долоо хоногоос ажил хаялт эхлүүлсэн. Тэд цалингаа нэмэгдүүлж, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулахыг шаардаж байна. Эдгээр хүчин зүйл ажилтнуудад яах аргагүй чухал ч гэлээ ажил хаялтын үндсэн шалтгаан биш ажээ. Тодруулбал, солонгос хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүсийг хоёрдугаар зэрэглэлийн иргэн гэж үздэг ажлын хортой орчноос болж тэд ажил хаяж байна.
Тогооч нар олон жилийн турш хорт хавдар үүсгэгч утаагаар амьсгалсан, хэт халуун гал тогоонд ухаан алдаж унадаг байсан, хамтран ажиллагсдынхаа бие муудахыг, бүр нас барахыг нь хүртэл харж байсан гэдгээ хэлж байна.
Ажил хаягсад Сөүлийн нэгэн сургуулийн цайны газарт ажиллаж байсан 50 гаруй насны эмэгтэйн жишээг дурдлаа. Тухайн эмэгтэй 2023 онд уушгины хорт хавдартай гэдгээ мэджээ. Түүний хавдрын шалтгааныг эмч нар олон жилийн турш хоол бэлтгэх явцдаа утаа амьсгалсантай холбоотой гэж тайлбарласан байна. Хоолыг шарах, өндөр температурт болгох үед гардаг утааг хорт хавдар үүсгэх аюултай гэдгийг ДЭМБ тодорхойлсон аж.
Өмнөд Солонгос даяар тус эмэгтэйтэй ижил шалтгаанаар уушгины хавдар туссан 178 ажилтан байна. Тэдний 74 нь сүүлийн гурван жилийн хугацаанд хавдартай болсон бол 15 нь харамсалтайгаар нас баржээ.
Ажилтнуудад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн ч сургуулийн гал тогоонуудад шинэчлэл дутмаг хэвээр. Одоогоор улс даяарх сургуулиудын 41 хувь нь л сайжруулсан агааржуулалтын системтэй. Сөүлийн хувьд нийт сургуулиудын 12 хувь нь л агааржуулалтын зохих системтэй. Бусад хот, мужийн хувьд 2027 онд хүрэхийг зорьж буй зорилгоос хол тасарсан байгаа аж.
Зундаа гал тогоонд цельсийн 33 хэм давж халдаг. Гэтэл ажилтнууд битүү хувцас, резинэн гуталтай байдаг учир 45 хэм давсан халууныг мэдэрдэг.
Хэт халуунаас гадна шарх, гэмтэл болон ажлын байрны бусад хорт нөлөө байдаг. Сургуулийн гал тогоон дахь ахуйн гэмтлийн тоо өнгөрсөн онд 2100 давжээ. Энэ нь өмнөх оноос 17.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сургуулийн цайны газар өдөртөө дунджаар 130-180 хүүхдэд үйлчилдэг. Энэ нь бусад цайны газраас хоёр дахин ачаалалтай гэсэн үг.
Тогооч нар тогтвортой 8.44 жил дунджаар ажилладаг байсан бол 2023 оны байдлаар 7.8 жил болж буураад байна.
Ажил хаялтын эхний өдөр 1400 ажилтан нэгдсэнээр Сөүл, Инчон, Гангвон, Хойд Чунчон, Жолла, Чежү даяар 1900 гаруй сургуулийн сурагчдын хоол цай тасалджээ.
ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD


