ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мягмар гаригт (2025.11.25) Киргизстанд гурван өдрийн айлчлал хийнэ гэж Москва, Бишкекийн удирдлагууд мэдэгдэв. “Энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэл, холбоотны харилцааг хөгжүүлэхэд чухал үйл явдал болно” гэж Киргизстаны ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Интерфакс мэдээллийн агентлагт мэдээлжээ.
Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков айлчлалыг баталгаажуулсан. Түүний мэдэгдсэнээр, Путин Мягмар гаригт Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаровтой албан бус хэлэлцээ хийж, дараа нь албан ёсны хэлэлцээрт оролцож, Лхагва гаригт хамтын ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурна. Путиныг Засгийн газрын сайд нар болон тэрбумтан Роман Абрамович зэрэг бизнесийн зүтгэлтнүүд дагалдан явах юм байна. Мөн айлчлалын үеэр Путин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах төлөвтэй байгаа аж.
Энэ нь Путин 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Киргизстанд хийж буй хоёр дахь айлчлал болно. Түүний өмнөх айлчлал 2023 оны аравдугаар сард болсон. Мөн Олон улсын эрүүгийн шүүх Украины хүүхдүүдийг албадан гаргасан гэх хэргээр дайны гэмт хэрэгт буруутган баривчлах захирамж гаргасны дараа Путины хийсэн анхны айлчлал байжээ.
Путины айлчлалын сүүлийн өдөр буюу Пүрэв гаригт Москвагийн тэргүүлсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт болохоор төлөвлөж байгааг Киргизийн ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES


