Дэлхийд

Японд баавгай хүн рүү дайрах нь нэмэгдсэн тул робот чонын эрэлт нэмэгджээ.

Японд үйл ажиллагаа явуулдаг “Ohta Seiki” компани баавгай үргээх зорилготой робот чоно үйлдвэрлэдэг юм. Өнгөрсөн жил Японд баавгай хүн рүү дайрсан тохиолдол их хэмжээгээр ихэссэн тул тус компани захиалгадаа дарагджээ.

2025-2026 оны хооронд баавгайн халдлагаас болж Японд 13 хүн амиа алдсан нь урьд өмнө үзэгдээгүй өндөр тоо юм. “Monster Wolf” нэртэй тэрхүү робот чонын нүд нь гэрлээр анивчиж, чанга дуу гаргадаг аж. Хоккайдод байрладаг тус компани энэ жил гарснаас хойш 50 орчим захиалга аваад байна. Энэ нь бүтэн жилийн захиалгын тооноос нь давсан үзүүлэлт юм.

“Ohta Seiki” компанийн ерөнхийлөгч Юүжи Ота “Бид роботуудаа гараар хийдэг. Одоогоор захиалгаа хийж гүйцэхгүй байгаа тул үйлчлүүлэгчдээсээ хоёроос гурван сар хүлээхийг хүсэж байгаа” гэж “AFP” агентлагт ярьжээ.

Тэр нэмж хэлэхдээ “Сүүлийн үед баавгай үргээх, зэрлэг амьтдаас тариалангаа хамгаалах эрэлт нэмэгдсэн. Мөн манай бүтээгдэхүүн баавгайтай тэмцэхэд үр дүнтэй гэдгийг хүмүүс илүү их хүлээн зөвшөөрөх боллоо” гэсэн байна.

Үнэ нь 4 мянган ам.доллароос эхэлдэг тус мануухай нь зай хураагуур, нарны хавтан, хөдөлгөөн мэдрэгч, чанга яригчтай аж. Чанга яригч нь хүний ​​дуу хоолой зэрэг 50 гаруй төрлийн дуу чимээг нэг км-ийн зайнаас сонсогдохоор цацдаг байна.

Робот чоно толгойгоо хоёр тийш нэргүүлж, нүд нь улаан LED гэрлээр анивчдаг бол сүүл хэсэг нь цэнхэр LED гэрлээр тоноглогдсон аж.

“Ohta Seiki” энэ бүтээгдэхүүнээ 2016 онд буга, зэрлэг гахай, баавгайгаас тариалангийн талбайгаа хамгаалах зорилгоор анх гаргаж байсан юм. Тухайн үед хүмүүс үүнийг тоглоом шоглоом болгон хүлээж авч байжээ. Компани одоо энэ төхөөрөмжийг шинэчилж, амьтдыг хөөх эсвэл тодорхой замаар эргүүл хийх зориулалттай дугуй суурилуулж эхэлжээ.

Тус компани мөн ууланд алхагчид, загасчид болон сургуулийн хүүхдүүдэд зориулсан барьж явах боломжтой хувилбарыг бүтээхээр төлөвлөж байгаа юм. Мөн ирээдүйд бүтээх загварууддаа хиймэл оюун ухаантай камер суурилуулахаар судалж байна. Компанийн ерөнхийлөгч Юүжи Ота “Бид баавгайн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн үйлдвэрлэлээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн” гэж хэлжээ.

Робот чонын захиалгын ихэнхийг тариаланчид, гольфийн талбайн эзэд болон хөдөө орон нутагт барилга дээр ажиллаж буй хүмүүс өгчээ. Өнгөрсөн жил япончууд баавгай үзэгдсэн тухай 50 мянган удаа албаныханд мэдэгджээ. Энэ нь 2024 онд бүртгэгдсэн дээд хэмжээнээс хоёр дахин их тоо юм.

Баавгайнууд айлын гэр рүү орох, сургуулийн ойролцоо явах, супермаркет болон амралтын газрууд руу дайрсан тохиолдол бараг өдөр тутам гардаг аж. 2025 онд барьсан болон унтуулсан баавгайн тоо өмнөх оноос гурав дахин нэмэгдэж 14,601-д хүрсэн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Японы хойд зүгийн зарим бүс нутгуудад дөрөвдүгээр сард баавгай ичээнээсээ гарч эхлэх үед өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад баавгай үзэгдэх нь дөрөв дахин ихэссэн байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %