Урт хүзүүтэй аварга үлэг гүрвэлийн шинэ төрөл илрүүлснийг Тайланд болон Их Британийн хамтарсан эрдэмтдийн баг мэдэгдлээ. “Nagatitan chaiyaphumensis” нэртэй энэ үлэг гүрвэл нь Зүүн өмнөд Азид олдсон хамгийн том динозавр болж байна. Эрдэмтдийн тооцоолсноор уг үлэг гүрвэл 27 тонн жинтэй, 27 метр урт байжээ. Энэ нь есөн настай бие гүйцсэн заантай тэнцэх жинтэй аж. Урт хүзүүтэй, ургамлаар хооллодог сауропод төрлийн үлэг гүрвэл байсан гэж үзэж байна.
Тайландын зүүн хойд хэсгээс 10 жилийн өмнө үл мэдэгдэх томоохон чулуужсан яс олдсон байна. Улмаар Их Британийн болон Тайландын судлаачид хамтран шинэ төрөл зүйл болохыг тогтоожээ. “Naga” гэдэг нь Зүүн өмнөд Азийн домогт гардаг могойг, “titan” нь Грекийн домгийн аваргуудыг илэрхийлдэг. Харин “chaiyaphumensis” нь чулуужсан яс олдсон Чайяпум мужийн нэрээс гаралтай юм. Энэ үлэг гүрвэл 100-120 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Тираннозавраас ойролцоогоор 40 сая жилийн өмнөх үед оршиж байжээ. Судлаачдын үзэж буйгаар тухайн үед дэлхийн температур болон нүүрсхүчлийн хийн хэмжээ өндөр байсан нь ийм аварга үлэг гүрвэлүүд хөгжихөд нөлөөлсөн байж магадгүй аж.



