Хүний эрхийн үндэсний комиссоос хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь Ардчилсан Намын цахим бүртгэл, “Таван богд Нура” ХХК-ийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем, “Хотула” аппликэйшн зэрэг нь иргэдийн хувийн мэдээлэл ил тод нээлттэй байсан талаар шалгалтын ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.
Иргэд “Хотула” аппикэйшнаас үйлчилгээ авахын тулд хэрэглэгчийн ажилладаг байгууллага, албан тушаал, сарын орлого, орлогын эх үүсвэр зэрэг мэдээллийг шаардаж байгаа нь уг апп-ийн үндсэн зорилгоос хэтэрсэн, өргөн хүрээтэй хувийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй байна гэж үзжээ.
Хотула аппикэйшн нь төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг нэг дор үзүүлэхийн тулд нэгдсэн танилт нэвтрэлтийн систем ХАМУГА айди, ДАН систем, хэрэглэгчийг нүүр царайгаар таних системүүдийг ямар үйлчилгээ авахаас шалтгаалаад заавал хийх гурван түвшинд танин баталгаажуулж байна.
Тиймээс “Хотула” аппикэйшн нь хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчсөн байх тул эдгээрийг таслан зогсоож арилгаж эрсдэлээс бүрэн сэргийлсэн болохыг нотлох хүртэл “Хотула”-г зогсоох, уг аппикэйшнаар авч буй төрийн үйлчилгээг хүлээн авах бусад боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэхийг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас шаардаж, шаардлагыг хэрэгжүүлэх 30 хоногийн хугацаа өгсөн.
Уг нь Улаанбаатар хотын хөгжлийн Корпораци ХК, Дижитал Инфо Сек ХХК нь 2025 оны 11-р сарын 6-ны өдөр байгуулсан хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх нэвтрүүлэхэд хамтран ажиллах гэрээний дагуу “Хотула” аппикэйшныг хөгжүүлжээ. 2026/01/23ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас тайлбар гаргуулахаар ХЭҮК-с хандсан. 2026/02/16ны өдөр ирүүлсэн тайлбар ХЭҮК-с тавьсан асуултын хариултад бүрэн дүүрэн хариу өгөхгүй байсан учраас сонсох ажиллагаа явуулах шийдвэрийг гаргасан. Ингээд 2026/02/28ны өдөр НЗДТГ-т холбогдох албан тушаалтныг ХЭҮК-т ирж тайлбар өгөхийг боломжийг олгосон. Гэвч эрх бүхий албан тушаалтнууд хүрэлцэн ирээгүй. Энэ талаар ХЭҮК-т албан бичгээр тайлбарлана гэсэн боловч албан бичгийг ирүүлээгүй.
Тийм учраас ХЭҮК өөрсдийн хийсэн технологийн туршилт, нийтэд ил мэдээлэл, нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл зэрэг өөрт байгаа мэдээллийн хүрээнд энэ дүгнэлтийг гаргалаа. Энэ нь тус бүрдээ хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах шаардлагад нийцэх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.


