Залуусын хөгжилдСпорт

Н.Эрдэнэбаатар: Олимпын таеквондогийн тивийн тэмцээнийг ирэх тавдугаар сард эх орондоо зохион байгуулна.

Олимпын төрөлд багтдаг Дэлхийн Таеквондогийн Холбоо (WT)-ны тивийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн ирэх тавдугаар сарын 19-нөөс 25-ныг дуустал Улаанбаатар хотод болно. Тодруулбал энэ тэмцээн нь “M bank arena”-д болох аж.

Дэлхийн 213 орныг эгнээндээ багтаасан тус холбооны шар тивийн шилдгүүдийг эх орондоо хүлээн авах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах юм.

Монголын Таеквондогийн Холбоо энэ гэр бүлд 1991 онд элссэн байдаг. Өмнөд Солонгосоос гаралтай олимпын таеквондогийн төрөл анх 1988 оны Сөүлийн олимпод үзүүлэх тоглолтоор, 1992, 1996 оны олимпод туршилтаар оролцсон бол 2000 оноос хойш үндсэн төрөлд багтах болжээ.

Хоёр жилд нэг удаа болдог Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ онцлог аж.

Тэмцээнийхээ талаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар “Манай холбоо маш хариуцлагатай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь ес дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн тулааны, 11 дэх паратаеквондогийн төрлөөр тивийн аваргыг тодруулна.

Урьдчилсан байдлаар 45 орны 1,100 орчим тамирчин, албаны хүмүүс оролцохоор төлөвлөж байна.

Түүнчлэн анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид ирэх есдүгээр сард Японд болох Азийн наадмын эрх авна. Тиймээс тивийн шилдгүүд Улаанбаатарт ирнэ гэсэн хүлээлттэй байна.

Эх орондоо болох тэмцээнээр амжилттай оролцохын тулд манай тамирчид өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цугларалтад гарсан.

Манай улс энэ тэмцээнийг зохион байгуулснаар Монголын таеквондогийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байгаа.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %