Ердөө хагас сар гаруйхны өмнө УИХ-аас Монгол Улсын 2026 оны төсвийг баталлаа. Энэ намрын чуулганаар парламентын батлаад байгаа ганц хууль нь энэ юм. Эмч, багш нарын ажил хаялт, эрх баригч намын дотоод тэмцэл гээд улс төрийн амаргүй цаг үед ямар боловч Засгийн газар төсвөө батлуулж авсан. Ирэх онд улсын төсөвт 31.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 32.9 их наядын зарлага гаргахаар төлөвлөжээ.
Улсын төсөв нэгэнт ийнхүү батлагдсан болохоор одоо аймаг, орон нутаг дор бүрнээ төсвөө хэлэлцэж эхэлнэ. Орон нутгаа хэрхэн хөгжүүлэх, ямар салбарт хөрөнгө оруулалт түлхүү тавихаа газар бүр ярина гэсэн үг.
Гэхдээ энд нэг зүйл буруу гольдролоор явсаар л байна. Юу гэхээр, нэг хэсэг нь ачаа үүрч, нөгөө хэсэг нь аахилсаар байдаг дүр зураг 2026 онд ч дахиад л үргэлжлэх нь. Одоо тайлбарлая.
Монгол Улс уг нь 21 аймагтай. Гэвч эдгээрээс ердөө долоон аймаг нь баялаг бүтээж, улсын төсөвт орлого төвлөрүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 14 аймаг нь төсвөөс татаас авч, бусдынхаа бүтээсэн баялгийг хуваалцаж амьдардаг гэсэн үг. Газар зүйн байрлал, бүс нутгийн онцлог гээд олон л юм байдаг байх. Гэхдээ нийтлэг нэг дүр зурагтай байгаа нь уул уурхайгаа ашигласан нь улам хөгжиж, нөгөөдүүл нь тэднийхээ хаялгаар амьдарсаар байгаа юм.
Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн аймгууд улсын төсөвт орлого бүрдүүлж, үлдсэн нь төсвийн татаасаар амьдарсаар л байна.
Нэг ёсондоо үүрэхийг нь энэ аймгууд үүрч, аахилахыг нь 14 аймаг нь хийдэг гэсэн үг. Угтаа бол эдийн засгийн нөөц боломж, уул уурхайн салбараа хөгжүүлэх бололцоо эдгээр аймагт байгаа юу гэвэл байгаа. Гэвч тэмцэгч нэр зүүсэн хоосон эх орончид аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хойш татсаар байна. Уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэхээр эх орончийн баг өмсөн шантаажилдаг албан бус ажил ч бий болчихжээ. Харамсалтай нь, энэ байдал цаашаа үргэлжилсээр байвал хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй болж мэдэх юм. Яагаад гэвэл, уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь. Улсын төсөвт ч тэр, орон нутгийн хөгжил ч ялгаагүй энэ салбараас л хамаарч байна. Хэдхэн тоон үзүүлэлт хэлье л дээ. 2015 он гарснаас хойш Монгол Улсын экспортын хэмжээ жил тутам 30 орчим хувиар өссөөр ирсэн байна. Гэхдээ энэ өсөлтийн дийлэнхийг уул уурхай, эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Ирэх оны улсын төсвийн орлогын бүтцээс харсан ч 27 хувийг нь зөвхөн уул уурхайн салбараас бүрдүүлэхээр тооцоод байгаа аж. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч энэ салбараа хөгжүүлсэн аймаг, орон нутаг хөгжиж, орхигдуулсан нь хөгжлөөс хоцорч үлдэхээр дүр зураг харагдаж байна. Жишээ болгон Өмнөговь аймгийн хоёр сумын талаар ярья. Хэдхэн жилийн өмнө хоосон тал шахуу байсан, хөгжил гэдэг алсарч одсон юм шиг байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хар л даа. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр тэнд хотоос дутуугүй амьдрах боломж хүн ардад нь нээгдлээ. Эдийн засаг, бизнесийн хувьд хэрхэн тэлж, хүмүүсийнх нь амьжиргааны төвшин яаж өссөнийг олон нийт хэлүүлэлтгүй мэднэ.
Хажууханд нь байх Цогтцэций сум ч бас ялгаагүй. Тавантолгойн бүлэг ордыг олборлож эхэлснээр тэнд шинэ хот бий боллоо. Улаанбаатараас дутахгүй хөгжил, хүн амьдрах таатай орчин бүрдсэн нь ердөө л уул уурхайн салбарын хаялага.
Өөр юу ч биш. Хэрэв өнөөдөр эдгээр ордыг ашиглаж эхлээгүй бол Ханбогд говийн нэг буйдхан сум, Цогтцэций ч хөгжил нь хойш шидэгдсэн, хүн зон нь нүүж дүрвэсэн хоосон нутаг л байх байсан биз. Гэвч уул уурхайгаа ашиглаж чадсанаар эдгээр сум өнөөдөр бүтэн аймгаас ч том эдийн засагтай, Улаанбаатараас ч дутахгүй амьдрах орчинтой хөгжлийн төв болоод байна.
Иймээс л уул уурхайн салбараа уралдаж хөгжүүлсэн нь хожиж, ухарч суусан нь хохирч үлдэнэ гээд байгаа юм. Гэхдээ энд нэг шударга бус зүйл байгаа нь байгалийн нөөцөө ашиглаж, бас эрсдэлээ үүрсэн аймгууд нь бусдынхаа өмнөөс яагаад дандаа ачаа үүрэх ёстой гэж? Ийм аймаг, орон нутгийн удирдлага ч бас улстөрчийнхөө хувьд бас хамаг муу нэрийг нь үүрч явна шүү дээ.
Юу гэхээр, улсын төсөвт орлого бүрдүүлж, уул уурхайн салбараа хөдөлгөсөн аймаг, орон нутгийн удирдлагыг өнөөдөр байгаль дэлхийгээ сүйтгэгч гэж цоллож, тэмцэгч нэр зүүсэн хүмүүс хүссэн зоргоороо гутаан доромжилдог боллоо.
Ингээд зогсохгүй баялаг бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдийг шантаажилдаг, нэхсэнийг нь өгөхгүй бол уурхай руу нь зэвсэг барин дайрсан тохиолдол ч гарсаар байгаа. Өөрөөр хэлбэл, энэ аймгууд бусдынхаа ачааг үүрээд зогсохгүй, хамаг муу нэрийг нь ч бас үүрч дүүрсээр өнөөдөртэй биднийг золгууллаа. Ийм аймгуудыг харахад л андашгүй. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа” тайланг гаргадаг бөгөөд энэ тайлангаас харсан ч уул уурхайн салбараа хөгжүүлж чадсан нь үргэлж байр ахисаар байгаа юм. Сүүлийн 12 жилд мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн Өмнөговь аймаг бол үүний нэг л жишээ.
Бодит нөхцөл байдал ийм байхад уул уурхайн салбараа бид үргэлж харааж зүхсээр байх нь зөв үү гэдгийг эцэст нь асууя. Энэ салбар бол Монгол Улсын хөгжлийг түүчээлж яваа нь яах аргагүй бодит үнэн. Угаасаа өөр салбараар орлуулах боломж ч одоогоор манайд алга. Саяхан олон улсын “ICMM” байгууллага дэлхийн улс орнуудын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөөллийн судалгааг гаргасан байна. “Mining Contribution index 2025” судалгааны дүнгээс харахад уул уурхайн салбарынх нь эдийн засагт үзүүлэх нөлөөллөөр Монгол Улс дэлхийн 220 гаруй улсаас гуравдугаар байрт бичигдсэн байна лээ.


