Брокколи бол эслэг, витамин болон антиоксидантаар баялаг, шим тэжээл ихтэй байцааны төрлийн хүнсний ногоо. Брокколи хэрэглэснээр шим тэжээлийн хувьд тэнцвэртэй хоолны дэглэмд сайн нэмэлт болж өгнө.
Нэг аяга (90 гр) түүхий брокколид дараах шим тэжээл агуулагддаг:
Илчлэг: 35.1 ккал
Уураг: 2.31 гр
Нүүрс ус: 5.64 гр
Эслэг: 2.16 гр
Өөх тос: 0.3 гр
С аминдэм: 82.2 миллиграмм (мг)
К аминдэм: 91.8 микрограмм (мкг)
Фолийн хүчил: 58.5 мкг
Нүүрс ус
Брокколид агуулагдах нүүрс ус нь голчлон эслэг болон чихэрлэг бодисоос (фруктоз, сахароз, глюкоз) бүрддэг. Харин нийт нүүрс усны хэмжээ маш бага юм. Нэг аяга (90 гр) брокколид 3.4 грамм орчим хүний биед шингэх нүүрс ус байдаг. Энэ нь нийт нүүрс уснаас эслэгийг хассан хэмжээ юм.
Эслэг
Тэнцвэртэй хооллолтын чухал нэгэн хэсэг нь эслэг билээ. Эслэг гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, хэд хэдэн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг төдийгүй жин хасахад ач холбогдолтой. Нэг аяга (90 гр) түүхий брокколи 2.16 грамм эслэг агуулдаг. Мэргэжилтнүүд өдөрт авч буй 1,000 ккал илчлэг тутамд 14 грамм эслэг хэрэглэхийг зөвлөдөг юм.
Брокколид олон төрлийн витамин, эрдэс бодис агуулагддаг. Үүнд:
- C Витамин
- К Витамин
- Фолийн хүчил
- Кали
- Манган
- Төмөр
Дээрх витамин болон эрдсүүдээс гадна брокколид эрүүл мэндэд тустай бодиснууд байдаг. Үүнд:
- Сульфорафан: Брокколид хамгийн их байдаг ургамалын бодис. Сульфорафан нь түрүү булчирхай, хөхний хорт хавдрын эхний үе шатнаас хамгаалах нөлөө үзүүлдэг байж магадгүйг судалгаанууд харуулсан.
- Индол-3-карбинол: Байцааны төрлийн ногоонд байдаг өвөрмөц шим тэжээл юм. Уг бодис хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын үед нэмэлт эмчилгээ болж болохыг зарим судалгаа харуулдаг. Гэвч үйлчлэлийг нь сайн ойлгохын тулд хүн оролцуулсан судалгаа хийх шаардлагатай байгаа.
- Каротиноидууд: Брокколи нь лютеин, зеаксантин, бета-каротин агуулдаг. Эдгээр нь нүдний эрүүл мэндэд тустай.
- Кемпферол: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул зүрхний өвчин, хорт хавдар болон харшлаас хамгаалахад тусалдаг.
- Кверцетин: Цусны даралтыг бууруулахад тусалдаг антиоксидант.
Брокколийг тогтмол хэрэглэх нь холестерины түвшнийг дараах байдлаар зохицуулахад тусалдаг:
- Элэгнээс холестерин ялгарах, хадгалах үйл явцыг саатуулдаг.
- Бие махбодод холестерин шингэхийг багасгадаг.
- Холестерин задлах үйл явцыг идэвхжүүлдэг.
Брокколиг хэрэглэхдээ анхаарах ёстой зүй байгаа юу?
Брокколи бол ихэнх хүмүүсийн хувьд эрүүл хүнсний сонголт боловч зарим тохиолдолд хэрэглээг нь хязгаарлах эсвэл татгалзах шаардлагатай байдаг. Брокколи нь дараах зүйлсэд нөлөөлж магадгүй:
- Цус шингэлэх эм: Брокколи нь К витаминээр баялаг тул варфарин зэрэг цус шингэлэх эмийн үйлчилгээнд саад учруулж болзошгүй.
- Бамбай булчирхайн эрүүл мэнд: Брокколи нь гоитроген гэж нэрлэгддэг нэгдлүүдийг агуулдаг тул түүхийгээр нь их хэмжээгээр хэрэглэвэл бамбай булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй. Брокколиг болгох үед гоитрогенүүдийг идэвхжүүлдэг энзим устгагддаг тул түүхий брокколи их идэдгүй бол санаа зовох хэрэггүй аж.
- Харшил: Брокколиноос харшлах тохиолдол ховор. Гэхдээ харшилтай бол хэрэглэж болохгүй.


