Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэр болсон улс төрийн хэд хэдэн томоохон фактуудын тухай дурдав.
Ингэхдээ нүүрсний сонсголыг зохион байгуулах асуудлыг тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцаж, улмаар нүүрс дээр нэг асуудал үүссэнийг намын бүлгүүдийн хурал дээр танилцуулж. Тухайн үед нүүрсний экспорт нэмэгдээд байхад валютын нөөц огт нэмэгдэхгүй байсан учраас яагаад ийм нөхцөл бий болоод байгааг шалгуулах шаардлага бий гэдэг үүднээс одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг нээлттэй сонсгол явуулаач гэдэг санал тавьж, мань хүн ч ахлан зохион байгуулсан. “Бодь Интернэшнл”-ийн нүүрсийг л зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаад байсан буюу оффтейк гэрээтэй холбоотой асуудал энд байна гэж үзсэн учраас нүүрсний сонсгол явуулсан тухай Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Үнэхээр ч тухайн үед Нүүрсний сонсгол дээр Бодь Интернэшнл компанийн зүгээс тайлбар өгөхөөр Д.Баясгалан гэрчээр оролцож байв.
Уг нь “Бодь”-ийн оффтейк гэрээнүүдийг ил болгож, юу болсныг сонсголоор ил болгоё гэдэг Л.Оюун-Эрдэнийн хүсэл эцэстээ Б.Энхбаярын гараар орж “Бортээг” болон хувирсан гэж тэр яриандаа хэлсэн юм.
Түүний ярьсан агуулга шинэ тутам сэдэв биш. Урьд Засгийн газраас гаргаж шидсэн материалууд дунд дээрх “Бодь”-ийн нүүрсийг түрүүлж зөөх гэдэг заалтыг ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд нэмэлтээр оруулж, хөрөнгө оруулалтыг “Тавантолгойн төмөр зам”-ын хувьцаанд хөрвүүлэх, ковидын үеийн нүүрсээ нөхөж нийлүүлэх, нэг сая тонн нүүрсийг овоолгоор нь гүйцэтгэгч талд өгөх, төлбөрийг нь нүүрсийг Замын-Үүдээр экспортолдог болгосон зэрэг агуулгууд тусгагдсаныг бид урьд бичиж байсан билээ. “Бодь”-ийн энэ фактуудыг дарахын тулд “Бортээг”-ийг гаргаж ирсэн гэж Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа.
Түүний хэлсэнд, сонирхол татам нэг шинэ зүйл байсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Бодь”-иос 500 мянган ам.доллароор хэд хэдэн удаа ойролцоогоор 1.5 сая ам.долларын хандив авсан гэх үг байв.
Улмаар өнөөдрийн 11.30 цагт Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярын шалгуулахаар АТГ-т хандах юм байна.


