БНХАУ долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Тайванийн ойролцоо байлдааны хөлгөө илгээсэн байна. Үүнтэй холбогдуулан Тайвань тус хөлгийг хянахын тулд өөрсдийнхөө хөлөг болон сөнөөгч онгоцнуудаа илгээжээ. Сүүлийн үед Хятад Тайванийн ойролцоо цэргийн эргүүл хийхээ ихэсгэж, дарамт шахалтаа нэмэгдүүлэх болсон.
Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж хэд хэдэн сэдвээр хэлэлцсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Трамптай хэлэлцэхдээ Тайвань нь Вашингтон, Бээжингийн харилцаа дахь хамгийн эрсдэлтэй асуудал гэдгийг анхааруулсан билээ. Хоёр тал үүнээс болж дайтаж ч магадгүй гэж хүртэл хэлсэн юм.
БНХАУ Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг тул арлын эргэн тойронд бараг өдөр болгон байлдааны хөлөг, нисдэг онгоцоор эргүүл хийдэг. Тайванийн эрх баригчид Бээжингийн байр суурийг эрс эсэргүүцдэг юм. Даваа гарагийн орой арлын ойролцоо Хятадын J-16, дрон зэрэг 21 онгоц, байлдааны хөлөг илрүүлсэн гэж Тайванийн батлан хамгаалах яам мэдээлжээ. Тэдгээр онгоцнууд хамтарсан байлдааны бэлэн байдлын эргүүлж хийж байсан аж.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2026.05.19/ буюу Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ албан тушаалаа аваад хоёр дахь жил болохын өмнөх өдөр Хятад улс үүнтэй адил бэлэн байдлын эргүүл хийжээ. Бээжинг Лай Чинтэг салан тусгаарлагч гэж үзэж түүнтэй хэлэлцэхээс татгалздаг.


