Улс төр

Африкийн хөрсөнд тарьж буй Хятадын үр

Африк дахь Хятадын бизнесийн үйл ажиллагаанд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зонхилдог байсан нь саяхан. Өдгөө энэ чиг хандлага өөрчлөгдөж, хувийн хэвшил рүү шилжжээ.

Кени, Уганда, Замби зэрэг орнуудын эдийн засгийн жилийн өсөлтийн хурд тус тус 4.8, 6.4, 5.8 хувьтай байна. Харин тивийн 50 гаруй орны дотоодын нийт бүтээгдэхүүн 4.1 хувьтай байгааг Олон улсын валютын сангийн өнгөрсөн сард гаргасан эдийн засгийн төлөв байдлын тайланд дурджээ.

“Rhodium Group China Cross-Border Monitor” сэтгүүлд дурдсанаар, Африкийн нөөц ихтэй салбар дахь Хятадын хөрөнгө оруулалт 2015 оны оргил үеэсээ хойш ойролцоогоор 40 хувиар буурсан байна. Энэ нь уламжлалт түүхий эдийн салбарын өгөөж буурч буйтай холбоотой. Учир нь тэдгээр компани барилгын төслүүдээс төдийлөн их мөнгө олж чадахгүй байна.

Үүний зэрэгцээ, Хятадаас Африк руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 2020-2024 онд 57 хувиар өсчээ. Түүнчлэн 2025 оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн байна. Эдгээрийн ихэнх нь электроник, хуванцар, нэхмэл эдлэл зэрэг нэмүү өртөг өндөртэй үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн юм

Эдийн засгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “McKinsey Greater China” компанийн захирал Жо Нгай хэлэхдээ “Хятад компаниуд эхэндээ дэд бүтцийн ажлууд болон байгалийн эрдэс баялгийн олборлолтын ажилд төвлөрч байсан. Харин сүүлийн жилүүдэд Африкийн хэрэглээний зах зээлд төвлөрдөг болсон байх. Гэхдээ зах зээлийн хуваагдал болон ашиг багатай байдлаас шалтгаалаад энэ нь амаргүй байдаг” гэжээ.

Хятад улс Африкт анхаарлаа хандуулж буйн нэг илэрхийлэл нь өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт байсан гэж үзэж байна.

Өмнөд Африкт болсон чуулганд АНУ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээ илгээсэн бол Хятадын талыг ерөнхий сайд Ли Цян төлөөлжээ. Ингэснээрээ талуудад бизнесийн хэлэлцүүлэг өрнүүлэх өндөр түвшний боломжийг бий болгосон юм. Хятадууд нэг үе Африкт юу болж байгааг сайн мэддэггүй байсан бол сүүлийн үед илүү олон бизнес аялал зохион байгуулагдаж, илүү олон ажилтан, алба хаагчийг Африкийн орнуудад илгээх болжээ. Үндсэндээ Хятадын оролцоо илүү нэмэгдсэн гэдгийг “The Dot Connector”-ийн үүсгэн байгуулагч, Хятад-Африкийн зөвлөх Хедер Ли хэллээ.

Хятадын томоохон компаниуд шийдвэр гаргагчдыг Африк руу илгээж, зах зээлийн тодорхой боломжуудыг судалж байна.

Тухайлбал, баруун Африкт цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн учир Хятадын нарны эрчим хүчний бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Мөн нялх хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээс эхлээд гэр ахуй, эмнэлгийн хэрэгсэл гээд Хятадын бүх л зүйл тив даяар түгээмэл болжээ. Хятадын ухаалаг гар утасны компани “Transsion” л гэхэд Африкт хэдийнэ хөлөө олсон гэхэд болно. Цаашилбал, харилцаа холбооны аварга “Huawei” болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Midea” Африкт өргөжсөн.

“Midea” групп Африкийн хөлбөмбөгийн холбоотой гэрээ байгуулсан гэдгийг Хятадын төрийн хэвлэлүүдээр долдугаар сард мэдээлсэн билээ. Энэ нь бүс нутагт хөрөнгө оруулалт цаашдаа улам л нэмэгдэхийн дохио юм. Тус компани рдоогоор Египетэд хэд хэдэн үйлдвэртэй.

Хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчныг зөвхөн хөрөнгө оруулалтын мэдээлүүдээр тогтохгүй цахим сүлжээн дэх нийтлэлүүдээс ч харах боломжтой.

“Xiaohongshu”, “Bilibili” зэрэг Хятадын платформд Африк тивийг жижиг бизнесүүд хөгжин цэцэглэх шинэ орчин гэж дүрсэлжээ. Эдгээр нь ихэвчлэн Хятадын хангамжийн сүлжээтэй холбоотой үйлдвэрлэл, жижиглэн худалдааны бизнесүүд юм. Түүнчлэн чихэвч болон дата кабель худалдаалдаг нэгэн бизнес эрхлэгч бизнесээ Хятадаас Нигери рүү шилжүүлжээ.

Хятадын бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажилладаг нигери гаралтай хөрөнгө оруулагч бөгөөд бизнесийн стратегич Жозеф Кешигийн хэлснээр хятад компаниудын зарим нь эхний жилдээ зургаан оронтой тоотой тэнцэхүйц хэмжээний ам.долларын ашиг олжээ.

“Euromonitor”-ийн мэдээллээр “Африкт цэцэглэж буй Хятад бизнес” гэх хандлага хамаагүй өргөн цар хүрээг хамарч байна. Африкт Хятадын олон компани живх, гэр ахуйн хэрэгсэл, савласан сүмс, зууш зэрэг үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байна. Хурдацтай хотжиж, залуужиж буй Африк тивд айл өрхийн зардал 2030 он гэхэд хоёр их наяд ам.доллараас давна гэж таамаглаж байгаа аж.

Африк дахь Хятадын бизнес эрхлэгчдийн олонх нь гүйлгээнд юань ашиглах сонирхолтой байна. Энэ нь аливаа эрсдэлийг бууруулж, худалдааны харилцааг гүнзгийрүүлнэ гэж тэд найддаг. “Rhodium”-ийн тайланд дурдсанаар одоогоор Хятадын юань нийт худалдааны 30 хувийг эзэлж байна.

Мэдээж хямд импорт хэрэглэгчдэд ашиг тустай ч гэлээ дэлхийн бусад хэсэгт байдагчлан орон нутгийн үйлдвэрлэлийг сааруулах, худалдааны тэнцвэргүй байдлыг гүнзгийрүүлэх сул талтай. Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр дотоодын үйлдвэрлэгчдийн ашгийн хэмжээ ч буурах нь ойлгомжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %