НийгэмШуурхай

АТҮТ: Альфард машинаар зорчигч тээвэрлэх хориотой, ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Хот хооронд явдаг альфард маркийн авто машинуудыг хориглож, жолооч нарыг нь торгоод явуулахгүй байна” гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар АТҮТ-ийн техникийн аюулгүй байдал, хяналт шалгалтын газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс тодрууллаа.

– Хот хооронд явдаг альфард маркийн авто машинуудыг торгоод явуулахгүй байгаа талаар жолооч нар ярьж байна?

-Энэ бол угаасаа хориотой, хууль зөрчсөн үйлдэл. Тодруулбал, Зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, Авто тээврийн тухай хуульд тус тус “Буруу рультэй машинаар зорчигч тээвэрлэхгүй” гэж заасан байдаг. Альфард буруу рультэй, долоон хүний суудалтай, В ангиллын авто машин. Жижиг тэргийг бодоход арай олон суудалтай, дайвар авахад багтаамжтай учраас жолооч нар ашгаа бодоод хот хооронд хүн тээвэрлээд байдаг юм. Ихэвчлэн шөнийн цагаар, хурдны ямар ч хязгаарлалтгүй, маш тод гэрэлтэй явдаг нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-Хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа хэчнээн тооны альфард байгаа бол?

-Ихэвчлэн Өмнөговь аймаг, Замын-Үүд, Алтанбулаг боомт руу альфард болон веллфаяр маркийн автомашинаар зорчигч тээвэрлэдэг. Хууль бусаар явдаг учраас яг таг тоо гаргахад төвөгтэй. Он гарснаас хойш Улаанбаатарт хууль бусаар зорчигч тээвэрлэсэн 343 тээврийн хэрэгсэл байгаагийн дийлэнх нь альфард байна.

-Зөрчлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэТанай байгууллагын эрх хэмжээ хүрдэг үү?

-Авто тээврийн улсын байцаагч хөдөлгөөнд хяналт тавьж, хууль зөрчсөн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгодог. Энэ бол 2017 онд тусгасан мөнгөн дүн. Есөн жилийн дараах өнөөгийн мөнгөний ханштай харьцуулахад хэцүү. Жолоочид ямар ч торгууль шийтгэл болж чаддаггүй. Дайврынхаа мөнгөнөөс л гаргаад өгчихдөг.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %