Яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар жилийн орлогыг тодорхойлоход 0-120 сая төгрөг хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон бол 10 хувь, 120 саяас 180 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг, 120 саяас дээш бол 15 хувиар, 180 саяас дээш бол 21 сая төгрөгийн татвар ногдуулах хуультай.
Ингэхдээ Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулахдаа орлогын дүнгээр тооцдог.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр И-Спортын төрөл нь хэдийгээр үндэсний шигшээ багийн төрөлд багтах хэдий ч олимпын төрөлд ордоггүй. Харин Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг тамирчин дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлдөг.
Түүнчлэн Биеийн тамир, спортын тухай хуульд заасанчлан биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон спортыг дэмжих сангаас үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилсан байдаг билээ.
Иймээс И-Спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуй нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан байна.
Энэ нь дэлхийд монголын нэрийг гаргаж байгаа MongolZ тэргүүтэй И-Спортын баг тамирчдын гаргасан амжилтаас үүдэх олох шагнал, урамшууллыг бүх татвараас чөлөөлнө гэсэн үг юм.


