“Ford Motor” Европ даяар 3200 ажлын байраа цомхотгохоор төлөвлөж байна. Үүнээс өмнө тус компани АНУ дахь ажилтнуудаа цомхотголд хамруулсан юм.
Энэ удаад ихэнх цомхотголд оруулахаар төлөвлөж буй орон тоонд Герман дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, захиргаа удирдлагын чиглэлийн ажилтнууд багтаж байгааг тус компанийн Үйлдвэрчний эвлэл мэдээллээ. Тодруулбал: Европ дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилтнуудын 65 хувь нь цомхотголд өртөхөөр байна.
“Ford Motor” цахилгаан автомашин хөгжүүлэлтийн чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааны зардлаа ийнхүү танаж байгаа аж.
Тус компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дийлэнх төслүүдээ Германаас АНУ руу шилжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн оны хоёрдугаар хагаст АНУ дахь 3000 ажилтнаа цомхотгосон юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Жим Фарли цахилгаан автомашины хөгжүүлэлтэд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах зорилтынхоо хүрээнд үйл ажиллагаана зардлаа гурван тэрбум ам.доллароор бууруулахаа мэдэгдэж байв.
“Ford Motor” уламжлалт хөдөлгүүрт автомашинуудын борлуулалтын орлогынхоо дийлэнх хувийг энэхүү зорилтдоо зарцуулахаар төлөвлөж байгаа аж.


