БоловсролЗалуусын хөгжилд

Мэдээлэл зүйн улсын олимпиадаас Сант сургууль 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа

Мэдээлэл зүйн Улсын 37 дугаар олимпиадын шилдгүүд 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр тодорлоо. Олимпиадаар 21 аймаг, нийслэлээс шалгарсан багш, сурагчид 2 өдрийн турш өрсөлдөж “Сант” сургуулийн сурагчид хамгийн олон буюу 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртсэн байна.

Мэдээлэл зүйн Улсын 37 дугаар олимпиадаас медаль авсан сурагчдын жагсаалт

Ахлах анги

Б.Төрхүү, Дархан-Уул, Оюуны Ирээдүй – Алт
Х.Онолт, Нэст, Улаанбаатар – Мөнгө
Д.Энэрэлт, Сант, Улаанбаатар – Мөнгө
Ч.Ирмүүн, Эрхэт эрдэм, Улаанбаатар – Хүрэл
Б.Хишигдэмбэрэл, Алгоритм сургууль, Баянхонгор – Хүрэл
М.Түвшинбаяр, Сант сургууль, Улаанбаатар – Хүрэл

Дунд анги

Б.Батцагаан, 2-р цогцолбор, Увс – Алт
Г.Амарсанаа, Монгол Оюу, Дархан-Уул – Мөнгө
С.Манлай, Сант, Улаанбаатар – Мөнгө
Г.Эрхэм, Оюунлаг, Улаанбаатар – Мөнгө
Д.Анар, Нэст, Улаанбаатар – Хүрэл
М.Амин-Эрдэнэ, Эрхэт эрдэм, Улаанбаатар – Хүрэл
Т.Цэлмэг, Шинэ Монгол технологийн коллеж, Улаанбаатар, Хүрэл
Г.Тэгшзаяа, Шинэ Зуун билэг, Улаанбаатар, Хүрэл

Сурагчдыг улсын олимпиадад бэлдсэн “Сант академи”-ийн Гүйцэтгэх захирал А.Батжаргал “Мэдээлэл зүйн олимпиадаар сурагчид өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэхийн тулд программчлалын хэлээр код бичиж өрсөлддөг.

Сая медаль авсан ихэнх сурагчид 7-8 дугаар ангиасаа буюу бага ангиа төгсөөд бэлдэж эхэлсэн. Удаан хугацаанд тууштай бэлдсэний үр дүнд ийм амжилт гарч байна. Хүүхдүүд 6, 7 дугаар ангиасаа код бичээд эхэлбэл илүү хурдан хүлээж авч, сайжрах боломжтой байдаг.

Мэдээлэл зүйгээр гүнзгийрүүлэн хичээллэдэг сурагчид ихэвчлэн ирээдүйд IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр сурч, программ хөгжүүлэгчид болох буюу багаасаа мэргэжлээ сонгодог гэдгээрээ давуу талтай” гэдгийг онцоллоо.

Д.Энэрэлт: Цаашид IT-ийн чиглэлээр суралцана гэсэн бодолтой байгаа

зураг

Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт саяхан Улсын математикийн олимпиадын хошой аварга болоод байсан бол ийнхүү Мэдээлэл зүйн олимпиадад мөнгөн медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ. Шагнал гардуулах үеэр “Энэ жилийн олимпиадад маш олон шинэ хүүхдүүд оролцож, өрсөлдөөн их байлаа. Цаашид IT-ийн чиглэлээр суралцана гэсэн бодолтой байгаа” гэдгээ хуваалцсан юм.

Увс аймгаас оролцсон сурагч Б.Батцагаан алтан медаль хүртэв

зураг

Увс аймгийн 2-р цогцолбор сургуулийн сурагч Б.Батцагаан өнгөрсөн онд 12 дугаар байрт орж байсан бол энэ жил амжилтаа огцом ахиулж дунд ангийн ангилалд тэргүүлсэн байна. Тэрбээр шагнал гардсаны дараа “Алтан медаль авсандаа баяртай байна. Улсын олимпиадын бэлтгэлээ Улаанбаатарт ирж сүүлийн 1 сарын турш эрчимтэй хийсэн. Намайг бэлдсэн багш нартаа баярлалаа. Увс аймгийн хувьд мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэдэг сурагчид сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа” гэдгийг онцолж байсан юм.

зураг

Сант сургуулийн сурагч С.Манлай “Мөнгөн медаль авсандаа баяртай байна. Дараа жил бүр илүү амжилт гаргахыг хичээх болно. Сургуулийн хамт олон, багш нартаа баярлалаа. Мэдээлэл зүйн хичээл нь хэрэглээ их өндөр, дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг гэдэг утгаараа сонирхолтой байдаг. Олимпиадын бэлтгэлгүй үед өдөрт 2 цаг, бэлтгэлтэй үедээ 8 хүртэл цаг хичээллэдэг. Мөн сагсан бөмбөгт дуртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сант сургуулийн сурагч М.Түвшинбаяр “Олимпиадад өнгөрсөн жилээс бэлдсэн. Түрүү жил дунд ангийн төрөлд ороод мөнгөн медаль авч байсан бол энэ жил ахлах ангийн төрөлдөө хүрэл медаль авлаа. Баяртай байна. Дараа жил олон улсын олимпиадад оролцохыг зорьж, бэлтгэлээ хийж байгаа” гэв.

Улсын физикийн олимпиадаас алтан медаль хүртсэн Сант сургуулийн сурагч Г.Азжаргал энэ удаад мэдээлэл зүйн улсын олимпиадаас тусгай байрын шагнал хүртжээ. Тэрбээр энэ жил Азийн физикийн олимпиадад өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм байна. Мөн хичээлийнхээ хажуугаар зураг зурах, илтгэл тавих дуртай гэдгээ хуваалцсан юм.

Энэ жилийн олимпиадад оролцсон амжилттай оролцсон ахлах ангийн эхний 20 сурагч сорилд оролцож, шалгарсан 4 сурагч энэ оны намар Унгар улсад олон олон улсын олимпиадыг зорих юм. Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадын анхны алт, мөнгөн медалийг манай улсаас Сант сургуулийн сурагч А.Нямдаваа хүртэж түүхэн амжилт гаргаж байсан билээ. Тэрбээр одоо Сингапурын үндэсний их сургуульд суралцаж буй.

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан Ирээдүйн ажил мэргэжлүүд буюу Future of Jobs 2023 тайланд олон улсад эрэлт хэрэгцээ нь хамгийн эрчимтэй өсөж буй топ 10 мэргэжлийн дийлэнх нь хиймэл оюун ухаан, machine learning, мэдээллийн технологийн аюулгүй байдал, финтек, дата анализ зэрэг мэдээллийн технологитой холбоотой байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %