Герман даяар 25 хүнийг засгийн газрыг түлхэн унагахаар завдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Хэт барууны үзэлтэй, хуучин цэргийн зүтгэлтнүүдийн бүлэг Рейхстагийн парламентын ордон руу дайран орж, эрх мэдлийг гартаа авах “X өдөр”-т бэлтгэж байсныг тогтоожээ. Хуучин язгууртны гэр бүлээс гаралтай XIII Генрих гэдэг хүн тэдний төлөвлөгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буй.
Холбооны прокуроруудын мэдээлснээр тэрээр Германы 11 муж даяар баривчлагдсан хүмүүсийн толгойлогч байж болзошгүй хоёр хүний нэг юм. Түүнчлэн “Германы Альтернатив” намаас Бундестагийн депутатаар сонгогдож байсан Биргит Мальзак-Винкеманн гэх эмэгтэйг баривчилжээ. Die Zeit хэвлэлд өгүүлснээр, төрийн эргэлт хийгдсэний дараа тэр Хууль зүйн сайд болох ёстой байсан аж.
Хуйвалдагчид нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, антисемитийн хуйвалдааны онолуудаар Германы цагдаагийнхны анхаарлын төвд байсан хэт даврагч Рейхсбургер (Рейхийн иргэд) хөдөлгөөний гишүүд аж. Тэд мөн орчин үеийн Германы төрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг юм.
Өчигдөр Германы цагдаагийн алба 130 байр сууцанд нэгжлэг явуулжээ. Баривчлагдсан 22 хүний нэг нь Оросын иргэн Виталия Б гэгч эмэгтэй. Тэрээр Германд цагаачлан амьдардаг оросуудаас байгууллагадаа элсүүлэх даалгавартай байжээ.


