Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг буудсан 41 настай Тэцүя Ямагами эхэндээ өөр хүнийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж бямба гарагт /2022.07.09/ Токио агентлаг мэдээлжээ.
Байцаалтын үеэр Ямагами эхлээд нэгэн шашныг байгууллагын тэргүүний аминд халдахаар зэхэж байсан ч хожим нь Абэг онилжээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд асан энэ шашны бүлэгт хамаатай гэж үздэг байсан гэжээ. Одоогоор энэ байгууллагын нэрийг зарлаагүй байна. Гэмт этгээдийн хэлснээр, Абэгийн холбоотой шашны бүлгээс болж түүний гэр бүл санхүүгийн хүнд байдалд оржээ. “Миний ээж энэ шашны бүлэгтэй холбогдож, тодорхой хэмжээний хандив өгсөн. Үүнээс хойш гэр бүлийн санхүүгийн байдал хүнд болсон” гэж мэдүүлсэн байна.
Нара мужийн цагдаагийн алба мөрдөн шалгах явцтай холбоотой сэдвээр тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Долоодугаар сарын 8-ны баасан гарагт Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара мужид сонгуулийн сурталчилгаанд оролцох үеэр халдлагад өртсөн билээ. Гэмт этгээд түүн рүү 10 м зайнаас буудсан. Хоёр дахь буун дуу гарсны дараа Абэ газарт унасан. Халдлагын үеэр тэрээр хэд хэдэн шарх авсны улмаас цус их хэмжээгээр алдсан. Эмч нарын мэдээлснээр, Абэг Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт 12.20 цагт хүргэжээ. Тэрээр шархаа даалгүй 17.03 цагт амьсгал хуураасан. Эмч нар үхлийн шалтгааныг их хэмжээний цус алдсанаас болсон гэж мэдэгдсэн. Эмч нар цус алдалтыг зогсоож, түүний амийг аврахын тулд дөрөв гаруй цаг тэмцжээ. Түүнд 100 гаруй уут донорын цус сэлбэжээ. Эрх баригчид нэг сум хүзүүний баруун хэсэг тусаж, цээж тус газартаа их хэмжээний цус алдсаныг баталсан. Хоёр сум хоёул Абэг оносон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн эмч талийгаачийн биед сум олдоогүй гэж мэдэгдсэн.
Шинзо Абэг буудсан этгээдийг хэргийн газарт баривчилсан. Тэрбээр эсэргүүцэл үзүүлээгүй. 2005 он хүртэл тэр гурван жил Японы тэнгисийн цэрэгт алба хаажээ. Одоо ямар ажил эрхэлж буй нь тодорхойгүй байна.


