“Азийн хүүхдүүд” олон улсын спортын долдугаар наадам ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ивээл дор энэ оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд тус улсын Владивосток хотод болно. Энэ удаагийн наадамд 26 орны 1,650 баг тамирчин оролцохоос гадна ОХУ-ын холбооны тойрог, муж улс, Сахагийн Якутын багийн 14-16 хүртэлх насны өсвөр үеийн тамирчид 273 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Тус наадмын бамбарын аялал энэ сарын 26-нд Сахагийн Якутскийн Бүгд найрамдах улсаас гараагаа эхлүүлжээ.Наадмын хөтөлбөрт спортын 19 төрөл багтсан бөгөөд бадминтон, сагсан бөмбөгийн 3х3, бокс, кураш, элсний волейбол, жүдо, хөнгөн атлетик, мас-рестлинг, ширээний теннис, усан сэлэлт, буудлага, чөлөөт бөх болон сонгомол бөх, самбо, байт харваа, таеквондо, бүжгийн спорт, футзал, хапсагай, уран гимнастик зэрэг төрлөөр тэмцээн өрнөх юм.
Владивосток хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын VII спортын наадмын үеэр 26 орны сайн дурын ажилтан, оюутнууд ажиллах ба ОХУ-ын 32 мужаас нийт 1,000 хүн ажиллах аж. Харин манай улсын баг тамирчид анхны наадмаас эхлэн тасралтгүй оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн “Владивосток-2022” наадамд 98 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монголын баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулан, удирдан оролцоно.

Түүнчлэн наадмын нээлтэд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцохоор уригдсан байна. Тэрбээр наадмын үеэр ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцинтай уулзаж, Монгол-Оросын Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах чиглэлээр ярилцах, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна.
Наадамд оролцогчид Владивосток хотноо Номхон далайн эргийн дагуу байрлах “Океан” нэртэй бүх Оросын хүүхдийн спортын төвд байрлана. Нээлтийн ажиллагааг ирэх сарын 28-нд “Фетисов арена” спортын ордонд хийнэ.
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг орчин үеийн олимпын хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан 1996 онд Саха Якут улсад анх зохион байгуулсан. Зохион байгуулагчид 2020 онд зохион байгуулагдах байсан ч “Азийн хүүхдүүд” олон улсын VII спортын наадмыг коронавирусийн улмаас хойшлуулсан юм. “Азийн хүүхдүүд” өвлийн анхдугаар наадам 2019 оны хоёрдугаар сард ОХУ-ын Сахалин хотноо зохион байгуулахад 20 гаруй орны оролцогчдыг хамруулсан юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


