Энэтхэгийн хойд хэсэгт оршдог тус улсын хамгийн ядуу мужуудын нэг болох Бихарт болсон нэгэн улс төрчийн охины сүр дуулиантай хурим олны анхаарлыг ихэд татаж байна.
Мужийн хууль тогтоох хурлын гишүүн Анант Сингхийн охин Шиванги Сингхийн морины уралдаан зэрэг олон арга хэмжээг багтаасан хурим хэдэн өдрийн турш үргэлжилж, Лхагва гарагт оргилдоо хүрчээ.
Мужийн төв Патна хотоос 65 орчим километр зайд орших гэр бүлийнх нь уугуул нутаг Надава тосгонд болсон энэхүү ёслолд мужийн хууль тогтоох хурлын дарга, орон нутгийн болон улсын хэмжээний нөлөө бүхий улс төрчид гээд нийт хэдэн зуун мянган хүн оролцсон байна.
Энэ сарын эхээр болсон хэвлэлийн хурлын үеэр Мокама тойргоос таван удаа сонгогдсон хууль тогтоогч Сингх “Бид бүгдийг урьсан… Зөвхөн Бихараас ч биш, Энэтхэгийн өнцөг булан бүрээс, Пакистанаас ч хүмүүс ирнэ” хэмээн мэдэгдэж байжээ.
Харин өчигдөр газар дээрээс нь ирсэн мэдээллүүдээс үзвэл үнэхээр уригдсан хүн бүр ирсэн бололтой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хуримд хагас сая орчим хүн цугларсан нь тус тосгоныг томоохон баяр наадмын талбай болгож, Патна хот руу орох болон гарах замд хэдэн цагийн турш замын хөдөлгөөний түгжрэл үүсгэжээ.
Тосгонд хүндэт зочдыг хүлээн авах зорилгоор нисдэг тэрэг буух зургаан талбайг бэлтгэсэн бөгөөд түр гал тогоонуудад олон зуун тогооч 150 гаруй төрлийн хоол, түүний дотор найман сая ширхэг амттан бэлтгэсэн байна.
Лхагва гарагт болсон хуримын хамгийн гол үйл явдал нь 52 морь оролцуулахаар төлөвлөсөн уралдаан байсан боловч үзэгчдийн тоо хэт олширч, олон хүн уралдааны талбайд орж ирсний улмаас эцсийн мөчид арга хэмжээг хойшлуулжээ.
Уралдааны өмнөх бэлтгэлийн үеэр авсан зураг, дүрс бичлэгээс харахад олон арван мянган үзэгч талбайд цугларч, тэдний зарим нь илүү сайн харахын тулд цахилгаан дамжуулах цамхаг дээр авирч гарсан байв.
Өнгөрсөн долоо хоногт тус хууль тогтоогч өөрийн X (хуучнаар Twitter) хуудсанд 1-2 сая рупийн ($10,800-$21,600) үнэтэй цагаан өнгийн жийп машины бичлэгийг нийтэлж, уг машиныг уралдааны ялагчид шагнал болгон өгөхөө зарлаж байжээ. Хоёр болон гуравдугаар байрын шагналд мотоцикл, скүтер өгөхөө амласан байна.
Хуримын арга хэмжээний төгсгөлийн хэсгийг Пүрэв гарагт төлөвлөжээ.
Делигийн Их сургуулийг төгссөн сүйт бүсгүй Шиванги “Land Cruiser” машинаар ирсэн бол Атланта дахь Жоржиа мужийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан сүйт залуу Ришикеш Кумар 151 автомашинаас бүрдсэн цуваагаар хүрэлцэн ирсэн байна.
NDTV сувгийн мэдээлснээр Анант Сингх мөн сүр дуулиантайгаар ирсэн бөгөөд тэрбээр тойрон хүрээлсэн олны дунд жийп машины дээврийн цонхоор гарч иржээ. Тэрбээр “охиныхоо хуримд ирэхдээ ямар ч сүйт залуугаас илүү онцгой, сүрлэг байдлаар ирсэн” байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр сүйт залуу нь сүйт бүсгүйн гэр бүлээс 23 сая рупийн үнэ бүхий автомашин, мөн алт, мөнгөн эдлэл бэлэгт авчээ. Гэхдээ Сингх хуримд нийт хэр хэмжээний мөнгө зарцуулснаа дэлгээгүй байна.
Гэхдээ энэхүү хуримын цар хүрээ нь Азийн хамгийн баян хүн Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн 2024 онд болсон хуримын ёслолтой харьцуулахад бага юм.
Гэсэн хэдий ч гурван иргэн тутмын нэг нь нэн ядууд тооцогддог Бихар мужид болсон энэхүү тансаг хурим нь “хааны хурим” хэмээн нэрлэгдэж, олны анхаарлын төвд оржээ.
Бихар мужийн хууль тогтоох зөвлөлийн гишүүн, улс төрийн өрсөлдөгч Нираж Кумар хууль хяналтын байгууллагуудад хандан хуримын зардалд зарцуулсан мөнгө хаанаас гарсныг шалгахыг уриалсан байна.
Энэхүү хурим олон нийтийн анхаарлын төвд орсон нь хос залуусаас илүүтэйгээр дуулиан шуугиан тарьдгаараа алдартай сүйт бүсгүйн эцэг улс төрчтэй холбоотой ажээ.
Олон нийтийн дунд “Чхоте Саркар” (хинди хэлээр “бага эзэн”, “бяцхан засгийн газар” гэсэн утгатай) гэгддэг Сингхийг ихэвчлэн “бахубали” буюу “хүчирхэг эр” гэж тодорхойлдог. Энэ нэр томьёог Энэтхэгийн олон бүс нутагт нөлөө бүхий, хүчирхэг орон нутгийн удирдагчдыг нэрлэхэд ашигладаг байна.
Сингх өөрийн сошиал хуудсан дахь бичлэгүүддээ үргэлж сахлаа мушгин, үзүүрийг дээш эргүүлж байгаа харагддаг бөгөөд энэ нь бахархал, эр зоригийг илэрхийлсэн үйлдэл юм. Нутгийн иргэдийн ярьж буйгаар тэрээр 20-25 автомашинаас бүрдсэн цуваагаар зорчдог бөгөөд нэг удаа татварын албаныхантай уулзахдаа хүзүүндээ амьд могой ороосон байдалтай гарч ирээд тэднийг хөөн явуулж байжээ.
Сингх анх 2005 онд Мокама тойргоос сонгогдож байсан бөгөөд 2010, 2015, 2020, 2025 оны сонгуулиудад ч мөн ялалт байгуулж, суудлаа хадгалсаар ирсэн юм.
Өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө сонгуулийн ерөнхий хороонд гаргасан мэдүүлэгтээ тэрбээр өөрийгөө бизнес эрхэлдэг, хөдөө аж ахуйн эдэлбэр газартай, нийгмийн зүтгэлтэн хэмээн тодорхойлсон байна.
Тэрбээр эхнэртэйгээ хамт нийт 1 тэрбум рупийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн бөгөөд түүний эсрэг хорь гаруй эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа аж. Тухайлбал хүн амины хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, мөнгө нэхэж дарамталсан, олныг хамарсан үймээн самуун дэгдээсэн зэрэг ноцтой гэмт хэргүүдэд буруутгагдсан байна.
Мэдээллүүдээс үзвэл тэрбээр хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан, сүүлийн хорин жилийн хугацаанд хууль тогтоогч (парламентын гишүүн) байгаагүй цорын ганц үе нь 2022 он байжээ. Тухайн үед тэр гэм буруутайд тооцогдож, 10 жилийн хорих ял сонссон байлаа. Энэ нь 2019 онд түүний гэрээс АК-47 автомат буу зэрэг зэвсэг, сум хэрэгсэл хураан авсан хэрэгтэй холбоотой байв.
Мужийн хууль тогтоох байгууллага түүнийг гишүүнчлэлээс хассан хэдий ч тэрбээр батлан даалтад гарч, шүүхийн шийдвэрийг давж заалдсан байна. Улмаар өнгөрсөн оны сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулснаар хууль тогтоох байгууллагадаа эргэн иржээ.
Сүүлийн сонгуульд өрсөлдөхдөө ч тэр бас нэг хүн амины хэрэгт холбогдоод амжсан байна.


