Эдийн засаг

Хятадын зах зээлд Монголын нүүрс голлож, Индонезийг ардаа орхилоо.

Хятад улсын Монголоос авах нүүрсний импорт дөрөвдүгээр сард 61 хувиар өссөнөөр Монгол Улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч бөгөөд урт хугацаанд Хятадын гол нийлүүлэгч байсаар ирсэн Индонезийг гүйцэж түрүүллээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол Улс Хятад руу 11.33 сая тонн нүүрс экспортолсон нь Индонезийн нийлүүлсэн 11.12 сая тонныг ялимгүй давсан үзүүлэлт болсон байна. Харин Индонезийн нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурчээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Индонезийн нийлүүлэлт 8 хувиар буурсан ч нийт 61.43 сая тонн экспортолсноор Монголын 39.37 сая тонн нийлүүлэлтээс тэргүүлсэн хэвээр буй. Гэсэн хэдий ч Монголын экспорт өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлттэй.

Далайн тээврийн Signal Ocean платформын мэдээлснээр, “Хятадын дотоодын олборлолт нэмэгдэж, орон нутгийн нүүрсний үнэ буурснаар Индонезийн илчлэг багатай импортын нүүрсний өрсөлдөх чадвар Хятадын эргийн зах зээл дээр суларсан” гэжээ.

Мөн Индонезийн нүүрсний экспорт цаашид илүү савлагаатай болох төлөвтэй байна. Учир нь тус улсын засгийн газар нүүрс болон дал модны тос зэрэг голлох түүхий эдийн экспортыг төрийн өмчит нэг компанийн дор төвлөрүүлэх өргөн хүрээтэй төлөвлөгөөг лхагва гарагт танилцуулсан. Ерөнхийлөгчийнх нь энэ алхам нь үнийн бодлогод төрийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгдсэн ч хөрөнгө оруулагчид уг төлөвлөгөөнд болгоомжтой хандаж байна.

Хятадын гурав, дөрөв дэх том нийлүүлэгч болох Орос болон Австралиас авах нүүрсний импорт дөрөвдүгээр сард тус тус 30 болон 39 хувиар буурчээ.

Эдгээр бууралт нь Хятад нийт нүүрсний импортоо танасантай холбоотой юм. Хятадын нүүрсний импорт дөрөвдүгээр сард жилийн өмнөхөөс 14 хувиар буурч 33.1 сая тонн болсон бол оны эхнээс хойших нийт импорт 2.1 хувиар буурч 149.4 сая тоннд хүрсэн билээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %