Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхимийн судалгааны баг Орхон, Тамир, Хануй, Хүнүй голын сав газарт хийсэн археологийн хайгуул, судалгааны үр дүнд 2017 онд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Харганы дөрвөлжин хэмээх газраас Хүннүгийн үед холбогдох хэрэмт хотын туурийг илрүүлжээ. Тодруулбал, Архангай аймгийн төвөөс 140 орчим км, Өлзийт сумын төвөөс баруун урд зүгт 10 гаруй км-ийн зайд оршдог Бодонт багийн нутаг дахь Харганы дөрвөлжин гэх газарт Хүннү гүрний нийслэл Лунчен буюу Луут хотын туурь байгааг тогтоосон байна.
2019 оны долоодугаар сар, 2020 оны дөрөвдүгээр сард агаарын зураглал хийх явцад эртний хятад ханз бичиг бүхий “Шаньюй”, “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичээстэй дээврийн нүүр ваарны хэд хэдэн хагархайг түүвэр байдлаар илрүүлэн олжээ. 2020 оны долоодугаар сарын 9-26-ны хооронд анхны сорилын малтлага, судалгааг хийж, “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичигтэй нүүр ваарны олон хагархай, мөн дээврийн тосгуур болон нөмрөг ваар зэргийг илрүүлжээ.


