ДэлхийдШуурхай

Нью-Орлеан хот живж байгаа учир оршин суугчдыг нүүн суурьших хэрэгтэйг эрдэмтэд хэлж байна.

АНУ-ын Луизианна мужид байрладаг Нью-Орлеан хот энэ зуунд багтан далайн усанд автаж магадгүй гэдгийг шинэ дүн шинжилгээ харуулжээ. Тийм учраас энэ ирээдүйгээс зайлсхийхийн тулд хотыг нүүлгэн шилжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх ёстой гэж уг тайланд бичсэн байна.

Цаг уурын өөрчлөлтийн улмаас Грийнланд болон Хойд туйлын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэх аюулд хамгийн түрүүнд нэрвэгдэх хотуудын нэг нь Нью-Орлеан гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн.

Луизианна мужийн далайн эрэг орчмын бүс нутаг нь дэлхийн хамгийн нам дор газарт тооцогддог. 360 мянган хүн амтай Нью-Орлеан хот тэрхүү далайн түвшнээс доош байрлах нутагт аяга хэлбэртэй голын садраа газарт байрладаг юм.

Нью-Орлеан бараг бүхэлдээ намгархаг газраар хүрээлэгдсэн байдаг аж. Энэ нь хар салхи, далайн давалгааны хүчийг сааруулах хамгаалалт болдог. Гэвч хүмүүс хот байгуулалтын зориулалтаар намгийг хатааж, газрын тос, хийн үйлдвэрлэлд зориулж суваг ухан, голын далан барьж байгаагаас шалтгаалан эдгээр намгархаг газрууд хурдан алга болж байна. Далан барьснаар намгийг усанд автахаас хамгаалдаг тунадас урсаж ирэх боломжгүй болжээ. 1930-аад оноос хойш Луизиана мужийн намгархаг газар 5,200 орчим хавтгай дөрвөлжин км хэмжээгээр буурсан байна.

“Nature Sustainability” сэтгүүлд тавдугаар сард нийтлэгдсэн дүн шинжилгээгээр Луизиана мужийн далайн эрэг орчимд далайн түвшин 3-7 метрээр нэмэгдэх төлөвтэй байна. Эрдэмтдийн хийсэн дүн шинжилгээгээр үүний үр дүнд үлдсэн намгархаг газрын 75 орчим хувь нь устаж, далайн эрэг эх газар руу 100 км хүртэл хойшлох эрсдэлтэй аж.

Энэ бүс нутаг эргэж буцахгүй цэгт хүрсэн гэж дүн шинжилгээг хийсэн эрдэмтэд бичжээ. Нью-Орлеан хот энэ зууныг дуусахаас өмнө Мексикийн булангийн далайн усад автаж магадгүй гэж судлаачид анхааруулсан байна. Хотыг нүүлгэн шилжүүлэх стратеги боловсруулах байгаа учир яг одоо ажиллаж эхлэх ёстой гэж эрдэмтэд бичжээ. Ингэснээрээ ижил төстэй асуудал тулгараад буй бусад газруудад үлгэр жишээ болж чадна гэж тэд үзэж байна.

Нью-Йорк, Лондон, Бангкок, Шанхай зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрэг орчмын хотуудад далайн түвшний өсөлт аюул занаихлйж буй. “Climate Central” судалаганы байгууллагын ерөнхий захирал, судлаач Бенжамин Страусс хэлэхдээ, гол асуулт бол энэ айгаад буй ирээдүй хэр хурдан ирэх вэ, үйл явдал хэрхэн өрнөх вэ гэдэг асуудал хэмээжээ.

Луизиана мужийн ирээдүйн зураглалыг гаргахын тулд эрдэмтэд өнгөрсөн түүхийг нь судалсан байна. Судлаачдын нэг нь Нью-Орлеан хотоос хойд зүгт 40 орчим км-ын зайд орших эртний далайн эргийг илррүүлжээ. Тэр газар 125 мянган жилийн өмнө буюу дэлхийн температур одоо үеийнхтэй төстэй байх үед эрэг байсан аж. Тухайн үед далайн түвшин одоогийнхоос дор хаяж 3 метрээр өндөр байсан гэдэг тооцоо бий.

Туланын их сургуулийн геологийн профессор, дүн шинжилгээг ахалж явуулсан Торбьорн Торнквист “Ирээдүйд далайн түвшин 3 метр хүртэл нэмэгдэх магадлал маш өндөр байна” гэжээ.

Дүн шинжилгээнд оролцсон Йелийн их сургуулийн Байгаль орчны сургуулийн хотын тогтвортой хөгжлийн туслах профессор Брианна Кастро хэлэхдээ, хүмүүс Луизиана мужийн эрэг орчмын бүсийг аль хэдийн орхин явж байгаа гэсэн юм.

2005 онд Луизиана мужийг Катрина далайн хар шуурга дайрч өнгөрсний улмаас 1,400 хүн амь үрэгдсэн. Үүнээс хойш Нью-Орлеан хот хүн амынхаа 25 орчим хувийг алджээ. Томоохон шуурга эсвэл үер болох бүрт хотоос явах хүмүүсийн тоо огцом нэмэгддэг байсан гэж Брианна хэлсэн байна.

Ирээдүйд шуурга, байгалийн гамшгийн улмаас Нью-Орлеанд учирдаг хохирол дордох хандлагатай байгаа юм. Саяхан нийтлэгдсэн нэгэн судалгаа тус хотын хүн амын 99 орчим хувь нь үерийн өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгааг харуулжээ. Тус судалгааг ахалж явуулсан Алабама их сургуулийн газар зүйн дэд профессор Ваньүн Шао “Катрина шиг өөр нэг хүчтэй хар салхи дайрвал хот бүхэлдээ үерт автах болно” гэсэн юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %