ДЭМБ явуулсан дүн шинжилгээгээр дэлхий даяар бүртгэгдэж буй нийт хавдрын тохиолдлын гуравны нэгээс илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж гарчээ. Эдгээр тохиолдлын бараг тал хувийг уушги, ходоод, умайн хүзүүний хавдар эзэлж байгаа юм.
Үүнээс харвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, амьдралын хэв маягийг өөрчлөн, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж, орчны бохирдлыг бууруулах замаар жил бүр олон сая хавдраас сэргийлэх боломжтой байна.
Дүн шинжилгээг ахалж явуулсан ДЭМБ-ын тархвар судлаач эмч Изабел Суржоматарам “Энэ томоохон судалгаа нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын тохиолдлууд дээр хийсэн цогц үнэлгээ юм. Хавдар үүсгэдэг халдваруудыг хүний зуршил, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлүүдтэй анх удаа хамтад нь үнэлсэн” гэж хэлжээ.
Тэр нэмж хэлэхдээ “Урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлстэй тэмцэх нь дэлхий дахинд хавдрын дарамтыг бууруулах хамгийн том боломжуудын нэг” гэсэн юм.
Тус дүн шинжилгээ 2022 онд 19 сая хавдрын тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 38 хувь нь өөрчлөх боломжтой 30 эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой байв.
Үүнд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, биеийн жингийн индекс өндөр байх, хөдөлгөөний дутагдал, утаагүй тамхи, агаарын бохирдол, хэт ягаан туяа, халдвар болон хөдөлмөрийн орчны арав гаруй хортой нөхцөл байдал багтжээ.
Хавдар үүсгэдэг урьдчилан сэргийлэх боломжтой хамгийн гол хүчин зүйл бол тамхи татах. Тамхины хэрэглээ нь 2022 онд бүртгэгдсэн нийт хавдрын тохиолдлын 15 хувьтай холбоотой байжээ. Эрэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл илүү өндөр гарчээ. 2022 онд онд дэлхийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дунд оношлогдсон хавдрын тохиолдлын 23 хувь тамхины хэрэглээтэй холбоотой байв.
Амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр шийдэх боломжтой хүчин зүйлсийн дотор тамхины хэрэглээний дараа согтууруулах ундаа орсон байна. Алкохолын хэрэглээ шинээр оношлогдож буй хавдрын тохиолдлын 3.2 хувьтай (700 мянган тохиолдол) холбоотой гэж гарсан юм.
Судлаачдын тооцоолсноор тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх нь урьдчилан сэргийлэх боломжтой нийт хавдрын тохиолдлын 48 хувьтай холбоотой байжээ.
Тамхи, согтууруулах ундаанаас гадна халдварууд нь шинэ хавдрын тохиолдлын арав орчим хувьтай холбоотой байсан юм. Эмэгтэйчүүдийн хувьд урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын хамгийн том хувийг умайн хүзүүний хавдарт хүргэдэг хүний папиллома вирусийн халдвар эзэлжээ.
Ходоодны хавдрын тохиолдол эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр бүртгэгдэж байгаа юм. Энэ нь тамхины хэрэглээ, цэвэр усны хүртээмж муу, хүн амын нягтаршил их зэргээс үүдэлтэй халдваруудтай холбоотой байх хандлагатай байна.
ДЭМБ-ын Хавдрын хяналтын багийн ахлагч, уг дүн шинжилгээний хамтран удирдаж явуулсан Андре Илбави “Урьдчилан сэргийлж, өөрчилж чадах хүчин зүйлсээс хавдар үүсэх эрсдэл хэр өндөр байдаг вэ гэдгийг харуулсан дэлхийн хэмжээний анхны дүн шинжилгээ юм” гэж хэлсэн юм.
Тэр нэмж хэлэхдээ “Улс орнууд болон хүн амын бүлгүүдийг судалснаар бид хавдрын олон тохиолдлыг эхлэхээс нь өмнө зогсооход туслах мэдээллийг засгийн газрууд болон хувь хүмүүст өгч чадна” хэмээсэн байна.
Дүн шинжилгээг хийсэн эрдэмтэд судалгааны ажил даараа “Дүгнэхэд энэ судалгаанд авч үзсэн эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг арилгаж чадвал 2022 онд дэлхий даяар бүртгэгдсэн арван хавдар тутмын бараг 4-өөс нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан” гэж бичжээ.


