Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад хүргэхээр ажиллаж байгааг Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр өөрийн цахим хуудастаа мэдээлэл оруулжээ.
Тэрбээр “Монгол Улсын хоол үйлчилгээний салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг. Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад бүртгүүлэх санаачилга гаргаад 10 орчим жил болж байгаа. Энэ жил хандив босгоод, эртнээс уламжилж ирсэн хорхог хэмээх хүндэтгэлийн зоогийг дэлхийд данслахаар болсон” гэв.
Хорхог нь Монгол үндэсний битүү хоол юм. Хорхог нь махан хоолны хүндэтгэлийн зоогт багтах бөгөөд боодогтой нэн төстэй. Хорхог, боодог хийх үйл явц ерөнхийдөө ойролцоо. Галд улайсгасан чулууг ашиглаж тогоо, саванд хийж махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Хорхогны халуун чулууг гартаа атгах, үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэж үздэг.


