Прокурорын байгууллага 2026 оны тавдугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнд:
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг
- Хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хэрэг байна.
Тухайлбал нийслэлийн болон Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр есөн хүнд холбогдох таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс есөн хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас:
Х.С нь нийтийн албан тушаалтан буюу … дүүргийн …дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цэцэрлэгийн жижүүр У.Г-т 2025 оны нэгдүгээр сард ур чадварын нэмэгдэл гэж 238,500 төгрөгийг олгож, уг мөнгөнөөс нь 100,000 төгрөгийг, мөн цэцэрлэгийн багш С.О-г ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр 400,000 төгрөгийн цалин олгож, уг мөнгөнөөс 350,000 төгрөгийг нөхрийнхөө дансаар шилжүүлэн хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэг (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Х.С-г үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.


