2024 онд Испанийн зүүн өмнөд эргээс холгүй хэд хэдэн учир битүүлэг дэлбэрэлтийн улмаас живсэн ОХУ-ын хөлөг Хойд Солонгос руу шумбагч онгоцонд ашиглах цөмийн реактор тээвэрлэж байсан байж магадгүй аж.
Урса Мажор нэртэй тэрхүү онгоцыг ОХУ-ын төрийн өмчит “Оборонлогистика” компанийн эзэмшдэг байсан юм. Тус хөлөг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны шөнө дундын орчим Испанийн Мурсия мужийн эргийн ойролцоо живсэн. Тухайн үед Урса Мажор Санкт-Петербургээс алс дорнод дахь Владивосток руу явж байсан гэж “Оборонлогистика” мэдээлсэн байна.
Тус хөлөг аюулгүй ачаа тээвэрлэж байсан гэх баримт бичигтэй байсан юм. Тодруулбал 129 чингэлэг, хоёр кран, хоёр том засварын нүхний таг гэх мэт зүйл тээвэрлэж явсан аж. Гэвч хөлгийн явсан зам болон живсэн нөхцөл байдал нь Испанийн эрх баригчдын сэжгийг төрүүлсэн юм
Испанийн мөрдөн байцаагчид Урса Мажор хөлгийн ахмадаас байцаалт авахад нүхний тагнууд нь үнэндээ шумбагч онгоцонд ашигладагтай төстэй цөмийн реакторын эд ангиуд байсан гэж тэр хэлжээ. Гэхдээ хөлөг цөмийн түлш тээвэрлээгүй байсан гэдгийг ахмад хэлсэн юм.
Мөрдөн байцаалтын талаар мэдээлэл бүхий эх сурвалж “CNN” агентлагт хэлснээр ахмад хоёр реакторыг Хойд Солонгост хүргэж өгөхийн тулд тус улсын Расон боомт руу чиглэлээ өөрчилнө гэж төлөвлөж байсан аж.
“CNN” агентлаг энэ талаар эрэн сурвалжилж нийтлэл бичихдээ ОХУ гол холбоотон болох Хойд Солонгост цөмийн технологийн шинэчлэл илгээхээс сэргийлж, барууны зэвсэгт хүчнүүд эрсдэлтэй ажиллагаа явуулсан байж магадгүй гэжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2024 онд ОХУ-д туслахаар цэргээ илгээснээс хоёрхон сарын дараа уг хөлөг онгоц замд гарсан болохыг “CNN” онцолсон юм.


