Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд энэ онд нийт 1.9 километр авто зам барихаар төлөвлөжээ.
Энэ тухай НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир “Зайсан орчимд хоёр байршил шинээр авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ.
Хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал хүртэл үргэлжлэн Ар Зайсангийн гудамжтай холбогдох 0.8 км урт авто зам барина. Уг замыг 6 метрийн зорчих хэсэгтэй, хоёр талдаа 1.5 метр явган хүний замтай, мөн гэрэлтүүлэгтэйгээр барина.
Гүйцэтгэгчээр нийслэлийн Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна” гэж мэдээллээ.
Тус замууд ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх хүчин чадал сайжирна гэж тооцоолсон байна.
Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх 0.8 км авто замыг ₮2.7 тэрбум, Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх 1.1 км авто замыг ₮2.7 тэрбумаар буюу нийт ₮5.4 тэрбумаар барихаар төсөвлөжээ.


