Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр болж, зарим томилгоог хийжээ.
Тодруулбал нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн оронд Г.Жаргалсайханыг томилсон байна. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байв. Ингэхдээ тэрбээр нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Одоо тус дүүргийн Засаг дарга хэн болох нь тодорхойгүй байна. Өмнө нь Т.Даваадалайгийн оронд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбатыг томилох асуудал яригдаж байсан ч сонголт өөрчлөгджээ.
Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар болсон бол нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ану-Үжинг томилжээ. Түүний хувьд “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж, ₮325 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргуулахаар батлуулаад буй. Өмнө нь Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Д.Бадарсан ажиллаж байсан билээ.
Г.Жаргалсайхан, Л.Ану-Үжин, А.Амартүвшин давхар дээлтэй буюу НИТХ-ын төлөөлөгч бөгөөд НЗД-ын орлогч нарын хариуцах салбарыг хооронд нь сольжээ.
“Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллах нь хэвээр байна. Т.Мөнхдалай нь НЗД-ын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайгийн төрсөн дүү.
Хотын дарга Х.Нямбаатарын сонгосон хамтран ажиллагсад нийслэлийн өнгө төрхийг өөд нь татаж чадах эсэхийг иргэд харах л үлдлээ.


