Сонирхолтой мэдээСпорт

Дуртай хөгжмөө сонсох нь дасгал хийж байх үед тэсвэр тэвчээрийг 20 хувиар нэмэгдүүлдэг.

Өөрийн дуртай хөгжмөө сонсох нь эрчимтэй дасгал хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг талаар шинэ судалгаа “Psychology of Sport & Exercise” сэтгүүлд нийтлэгджээ. Финландын Ювяскюля их сургуулийн (JYU) явуулсан шинэ судалгаагаар хүмүүс өөрсдийн дуртай дууг сонсох нь тэсвэрийг 20 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Туршилтад оролцогчид минутад 120-140 хэмнэлтэй хөдөлгөөнд тохиромжтой дуу сонсон гэрийн дугуй унажээ. Ингэхэд дуу сонсоогүй үетэй харьцуулахад дуртай дуугаа сонсоход ядарч туйлдах хүртлээ дунджаар 6 минут орчим илүү хугацаагаар дугуй унаж чадсан байна.

Судалгаанд идэвхтэй хөдөлгөөн хийдэг 29 насанд хүрсэн хүнийг хамруулжээ. Тэд дааж чадах дээд ачааллынхаа 80 орчим хувь дугуй унах дасгалыг хоёр удаа хийжээ. Эхний удаад чимээгүй орчинд, харин дараагийн удаад өөрсдийн сонгосон хөгжмийг сонсон хийсэн юм.

Хөгжим сонссон үед оролцогчид дунджаар 35.6 минут дасгал хийсэн бол, хөгжимгүй үед 29.8 минут хийжээ. Үүнээс харвал хөгжим сонсох нь тэсвэр хатуужлын хувьд тодорхой ахиц гаргадаг аж. Ачааллын хэмжээ адилхан байсан ч ийм ялгаа гарсан нь сэтгэл зүйн хүчин зүйл дасгал хийхэд чухал үүрэгтэйг баталж байгаа юм.

Дасгал хийх хугацаа уртассан ч бие махбодын үзүүлэлтүүд ижил байв. Зүрхний цохилт болон лактатын хэмжээ хоёр тохиолдолд бараг ижил байсан нь бие махбод ижил түвшинд ажилласныг харуулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжим нь ядрах мэдрэмжийг нэмэгдүүлэлгүйгээр ачааллыг илүү удаан тэсвэрлэхэд тусалсан гэсэн үг юм.

Энэхүү үр дүн нь дасгалын ачааллыг аюулгүй аргаар нэмэгдүүлэх гэж буй тамирчид болон дасгалжуулагчдад маш хэрэгтэй юм. Гэхдээ тогтмол дасгал хийж хэвшихэд хэцүү байдаг хүмүүст энэ нь бүр ч чухал ач холбогдолтой байж магадгүй.

Ювяскюля их сургуулийн Хөгжим, оюун ухаан, бие махбод ба тархины төвийн ахлах судлаач Эндрю Дансо хэлэхдээ “Өөрөө сонголтоор сонссон хөгжим нь бие бялдрын хөгжлийн түвшнийг өөрчлөх эсвэл зүрхний ажиллагааг огцом нэмэгдүүлдэггүй. Харин ачааллыг илүү удаан хугацаанд тэсвэрлэхэд л тусалдаг” гэжээ.

Хөгжим сонсох нь бие махбодын хүч чадлыг нэмэхээс илүүтэйгээр аливааг хүлээн авах мэдрэмжид нөлөөлдөг байна. Сонсох дуртай, урам зориг өгөх аянууд нь ядарснаа мартахад тусалж, хэмнэлээ барих эсвэл үргэлжлүүлэх эрч хүч өгснөөр ачааллыг даван туулахад хялбар болгодог аж

Судлаач Эндрю “Энэ бол ямар ч зардал, илүү зүйл шаардахгүй маш энгийн арга. Хүмүүс хөгжмийн тусламжтайгаар өөрийгөө хэт их ядраалгүйгээр дасгалын ачааллыг нэмэгдүүлж болно. Зөв сонгосон хөгжим нь хүнд дасгалуудыг илүү хялбар, тааламжтай болгодог байна. Олон хүн дасгал хийх үед хурдан ядардаг учраас хүнд бэлтгэлээ үргэлжлүүлж чаддаггүй” гэжээ.

Тэрбээр нэмж “Бидний судалгаагаар хүмүүст урам зориг өгөх хөгжмийг өөрсдөөр нь сонгуулбал бэлтгэлийн чанарыг дээшлүүлж, дасгалаа тууштай хийхэд нь тусалдаг байж магадгүйг харуулж байна. Ингэснээр хүмүүс илүү идэвхтэй амьдрах боломжтой болно” хэмээсэн юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %