Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2026 онд нийт 13 байршилд 55 км явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Явган хүний замын шинэчлэлд зориулж нийт 2 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгаж баталсан. Энэ удаагийн зам засвар нь олон улсын жишигт нийцсэн шинэ стандартыг баримталж байгаа бөгөөд явган хүний замыг гурван метрийн өргөн, дугуйн замыг хоёр метрийн өргөнтэй хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.
Зам засварын ажил хийгдэж буй байршлууд:
- Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний зам
- “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун болон зүүн талын явган хүний зам
- Яармагийн гүүрнээс “АПУ” ХК хүртэлх замын хойд тал болон Ар Зайсангийн гудамжтай холбогдох шинэ замуудын дагуу явган хүний замууд тавигдаж байна.
- Харин Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг өргөтгөх ажлын хүрээнд явган болон дугуйн зам барьж байгаа бол Геологийн төв лабораториос Жанцангийн уулзвар хүртэлх хэсэгт замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна.


